Өмнөд Солонгосын Төв банк өчигдөр 3-нд тайлан гаргаж, БНСУ хэрэв үр дүнтэй бодлого авч хэрэгжүүлж, төрөлтийг дэмжихгүй бол 2050 он гэхэд улсын эдийн засаг буурсаар, хасах үзүүлэлт рүү орно гэжээ.
Тайланд тэмдэглэхдээ, БНСУ-ын 2021 оны төрөлт буюу төрөх насны эмэгтэйчүүдийн хүүхдийн дундаж хэмжээ 0.81 байжээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага OECD-ийн 35 гишүүнээс хамгийн доод түвшинд очсон дүн байна. Өмнөд Солонгост төрөлт 1960 онд 5.95 байсан бол ийнхүү 60 жилийн дараа 2021 онд 0.81 болж буурсан. Энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна гэжээ.
Төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй 2050 он гэхэд эдийн засаг алдагдалтай болж, 2070 он гэхэд хүн ам өнөөгийн 51 саяас буурсаар 40 сая хүрэхгүй болно гэж тайланд тэмдэглэжээ.
Ширүүн өрсөлдөөн, ажилгүйдэл, орон сууцны зардал нэмэгдсэн, хүүхдийн аюулгүй байдалд сэтгэл түгших зэрэг нь төрөлт буурах шалтгаан болж байна. Засгийн газраас тусгайлан бодлого хэрэгжүүлбэл төрөлтийг сэргээж 0.845-д хүргэх боломжтой гэж Өмнөд Солонгосын Төв банк дүгнэжээ.
Сүүлийн жилүүдэд БНСУ-д орой гэрлэх, огт гэрлэхгүй байх явдал нэмэгдэж, төрөлт буурсаар байгаа юм. Тоо баримтаас харвал, 2020 онд 192 мянган хос гэрлэхээр бүртгүүлжээ. Энэ нь 11 жил дараалан буурсан үзүүлэлт бөгөөд 1970 онд анх гаргаж байсан баримтаас хойших хамгийн бага гэрлэлт болж байна.