“Андын номын сан” цуврал Лү Шюний шагналт “Хээр тал дээр”
2023-12-18 09:48:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын цөөнх үндэстнээс Лү Шюний шагнал хүртсэн зохиолч олон биш. Монгол үндэстэн, зохиолч Сонамцэрэн “Хээр тал дээр” туужаа 2016 онд бичиж, энэ зохиолоороо  2022 онд 8 дахь удаагийн Лү Шюний утга зохиолын шагнал хүртжээ.   

Даяаршил ба дангааршил. Орчин үе ба уламжлал. Нүүдэлчин соёл ба суурьшмал соёл. Хүн байгаль, халуун хошуут мал ба эзэн хүн хоёрын хамаарал, хэн хэнээ ойлгох зүрхний хайрын тухай “Хээр тал дээр” туужид өгүүлдэг. Малчин хүн морьтойгоо нэгдэн нэг цул болж, нүүдэлчин ахуйд зохицон амьдарч байдаг тухай хэн ч анзаарамгүй сайхныг уран сайхан зохиомжлон туурвисан тул утга зохиолын нэр хүндтэй шагнал хүртэх үндэслэл болсон байна.

“Хээр тал дээр” түүврээ 2021 онд Жянсүгийн Фэн Хуан утга урлагийн хэвлэлийн газар хэвлүүлж,   эл номдоо хөдөөгийн амьдралаас сэдэвлэсэн арван өгүүллэгээ оруулжээ.

Сонамцэрэн бол Лү Шюний шагнал хүртсэн зохиолчид дундаас хамгийн залууных нь нэг юм. Эдний үеийн цөөн хэдэн зохиолч өнгөрсөн онд анх Лү Шюний шагнал хүртсэн байна. Хөхнуур мужийн Хайбэйн төвөд үндэстний өөртөө засах жөүгийн Хай-Янь сянийн Дэжөү тосгоны малчин, монгол үндэстэн Сонамцэрэн 1985 онд төрсөн. Бага сургуулийн дөрөвдүгээр анги дүүргээд сургуулиа орхисон тэрээр 21 настайдаа анхны өгүүллэгээ сэтгүүлд хэвлүүлж байв. 2016 онд Шөүхүө гэдэг Хятадын алдартай уран зохиолын сэтгүүлд “Хээр тал дээр” хэмээх туужаа нийтлүүлэв. Ингэж л түүний алдар нэр цуурайтаж, Хөхнуур мужаас анх удаа Лү Шюний утга зохиолын шагнал хүртсэн зохиолч болсон юм. Мөн тэрээр хятад хэлээр бичдэг залуу зохиолчийн шагнал, Хундөү утга зохиолын шагнал хүртэж, “Баларсан зэрлэг өнгө” роман, “Уулын эргүүлийн баг” өгүүллэгийн түүвэр зэрэг ном хэвлүүлжээ.

Сонамцэрэн Лү Шюний шагнал гардуулах ёслолд хэлэхдээ, “Миний анхны өгүүллэгийг үнэлж сэтгүүлд нийтэлсэн нь надад бичиж туурвих маш их урам өгсөн” гэжээ. Саяхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, “Би нүүдэлчин үндэстнийхээ соёлын төлөө өөрийн гэсэн арга барил, авьяас чадвар юу байгаа бүхнээ зориулна” гэсэн юм.