Хятад хүмүүс цагаан сараар ураг саднаараа гэртээ цуглаж халуун ам бүлээрээ хамтдаа тэмдэглэдэг. Хотыг зорьж ирж ажилладаг хүмүүс олон. Их хотуудын суугуул, мөн түр оршин суугч эдгээр хүмүүс цагаан сараар нутаг ус, гэр орноо зорьж Хятад даяар олон сая хүний "их нүүдэл" эхэлдэг.
Энэ жил хоёрдугаар сарын 10-нд Хятадын луу жилийн цагаан сарын шинийн нэгэн таарч байгаа бөгөөд зорчигчдын хөл хөдөлгөөн өнөөдөр, 26-наас эхэлж байна.
Тоо баримтаас харвал, хотоос муж, аймаг, хошуу, сянь хүртэл давхардсан тоогоор 9 тэрбум хүн зорчихоор байна. Төмөр зам, автозам, усан зам, агаарын тээврээр давхардсан тоогоор 1.8 тэрбум хүн зорчих нь өнгөрсөн оны цагаан сараас 200 сая зорчигчоор нэмэгдэх төлөвтэй.