"Андын номын сан" цуврал- Мао Дүний шагналт Лү Яо зохиолчийн “Эгэл ертөнц”
2024-01-29 10:00:34
Share
Share this with Close
youtube WeChat

Монголын үзэгчид маш сайн мэддэг нэг кино бий, “Эгэл ертөнц” гэж. Шар хөрст өндөрлөгийн нүхэн гэрт амьдардаг нэн ядуу тариачин хүмүүс гардаг даа. Шударгуу, ажилсаг, сайхан сэтгэлтэй, ёс журамт Сүнь Шао-Ань, түүний дүү Сүнь Шаопин, ядуу зүдүү хэрнээ баян сэтгэлтэй аав, сайхан сэтгэлтэй ч азгүй төрсөн эгч, хорт хавдар туссан Сүнь Шао-Аний эхнэр, үерт осолдсон Сүнь Шаопины хайртай бүсгүй, тэдний бага дүү Сүнь Ланьшян  оюутан болж Бээжинд хөл тавьж байгаа зэрэг олон хүний хувь тавилан нийлж зохиолын гол цөм болно. Тэдний гэр бүлийг тойрсон амьдрал үргэлжилнэ. Хүч хөдөлмөр, хайр дурлал, ялагдал бухимдал, хүсэл мөрөөдөл, хагацал гуниг, эдгэшгүй өвчин, уй гуниг, баяр жаргал, өөдрөг сэтгэл, итгэл найдвар. Хүний амьдралд байж болох бүхий л зүйлийг яаж ингэж гайхалтай энгүүн хэрнээ, гайхалтай хослуулан нэн үнэмшилтэй, сэтгэл хөдөлгөм бичиж чадна вэ?

Энэ бол Хятадын зохиолч Лү Яогийн “Эгэл ертөнц” романаар бүтээсэн кино юм. Өнгөрсөн зууны дал наяад оны үеийн Хятадын хот хөдөөгийн нийгмийн амьдралын хөгжил, хүмүүсийн сэтгэхүйн өөрчлөлтийг нэн тод, нэн үнэмшилтэй, бодит, ялгуун сайхан дүрсэлсэн байдаг.  Зохиолч энэхүү алдартай романаа 1986 онд хэвлүүлж, 1991 онд Мао Дүний шагнал хүртсэн байдаг. Зохиолч Лү Яо зохиолоо бичихийн тулд гурван жил баримт цуглуулж, ном уншиж, нүүрсний уурхай, жижиг тосгонд очиж, хүмүүстэй уулзаж, амьдрал судалжээ. Ингэж өөрийгөө бүрэн цэнэглэсний дараа гурван жил бүгэж, бичгийн ширээнээс өөрийгөө уях нь холгүй нам сууж байж бичиж дуусгажээ. Хэт их ачаалалтай, сэтгэл зүрхээ шавхаж бичсэн зохиолч идэр залуухан 42 насандаа хорвоог орхисон нь харамсалтай. Хөдөө нутаг, хөдөөнийхний тухай хамгийн сайн бичсэн зохиолч бол Лү Яо гэж болно.

Эгэл ертөнц роман хэвлэгдэж гармагцаа бестселлер болж байжээ. Үндэсний радиогоор “Эгэл ертөнц” романаар уран уншлага хийж, 2015 онд монгол бичгээр орчуулан гурван боть болгон хэвлэжээ. Сайн ном сайхан кино болсон түүх бол “Эгэл ертөнц” яахын аргагүй мөн.