Хаалга хийдэг тосгоны компаниуд 500 сая юанийн орлоготой
2024-01-29 17:02:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хэбэй мужийн Таншаний Мэньжаожуан тосгоны гол бүтээгдэхүүн хаалга. Эрэлт сайтай хаалга хийдгээрээ хол ойрд нэртэй. 1200 гаруйхан оршин суугчтай тосгонд хаалга үйлдвэрлэдэг 46 компани бий. Тэдний өнгөрсөн оны борлуулалтын орлого 500 сая юань хүрчээ. 

Мэньжаожуан тосгоныхон амжилтдаа сэтгэл ханаж зүгээр суусангүй. Шинэ он гарангуут тосгоноороо хуралдаж, гадаадаас захиалга авах, хаалганы төрлийг нэмэгдүүлэх тухай ярилцав. Хоорондоо шударга бус өрсөлдөж, нэр хүндээ алдах, зах зээлээ алдах аюултайг илэн далангүй ярилцаж, энэ эрсдлээс нийлж байж гарах ёстой гэж санал нэгдсэн байна.  

Металл хаалга үйлдвэрлэх автомат тоног төхөөрөмжийн үнэ нь 30 сая юань давна. Тосгоны зарим том компани өнгөрсөн онд хаалга хэлбэржүүлэх машин, хайчлах лазерь машин, бүрэн автомат будгийн машин худалдаж авсан ч хүчин чадал дутагдаж, хэн нь ч бүтэн автомат үйлдвэрийн шугамтай болж чадахгүй байжээ. Үүнээс болж хөгжлийн боломжоо алдаж, хаалга үйлдвэрлэгч том компаниудтай харьцуулбал өрсөлдөх чадвар сул байна гэж тосгоны үйлдвэрийн эзэд үзжээ. 

Ингээд тэд хаалганы үйлдвэрлэлийн корпораци байгуулж, хүчээ нэгтгэж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр шийдэцгээж, одоогоор 12 компани корпораци байгуулахад нэгдэхээр гарын үсэг зураад байна. Эдгээр компаниуд үйлдвэрийнхээ том оврын тоног төхөөрөмжийг хуваалцан ашиглаж үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөж, бүтээгдэхүүний өртгийг бууруулан, чанараа сайжруулж байна. 

Ижил төстэй тоног төхөөрөмж авахаар зэхэж байсан зарим компани төлөвлөгөөгөө өөрчилж, хамтрагчийнхаа тоног төхөөрөмжийг хуваалцах зарчмаар, өртгөө бууруулж, хэмнэсэн зардлаараа мэргэжилтэй ажилтан бэлтгэх, шинэ бүтээгдэхүүн судлах, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ашиглах юм байна. 

Цагаан сар хаяанд ирсэн энэ үед Мэньжаожуан тосгоны Хаалганы үйлдвэрлэлийн корпораци хувьцаа эзэмшигчдийн анхны хурлаа хийж, түүхий эд, материалыг нэгдсэн журмаар худалдан авах, нэгдсэн брэнд бий болгох асуудал хэлэлцжээ. Компанийн зарим эзэд өөрсдөө корпорациа удирдах саналтай байна. Зарим нь үйлдвэрлэл, зах зээл сайн мэддэг гадаад хэлтэй мэргэжлийн хүн олж гүйцэтгэх захирлаар урьж ажиллуулах санал гаргасан байна. Гүйцэтгэх захиралын цалин хэдий хэмжээтэй байх, хаанаас гаргах зэрэг олон асуудлаар чөлөөтэй ярилцсан ч одоогоор эцсийн шийдвэр гаргаж чадаагүй байна. Ажиглагчаар хуралд оролцсон өөр компанийн эзэд бас санал нэмэрлэж, зарим нь корпорацид нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ.

Мэньжаожуан тосгоны үйлдвэрүүдийн борлуулалт 500 сая хүрсэн ч энэ онд  уламжлалт үйлдвэрлэлээ дэвшилтэт технологи ашигласан үйлдвэр болгож өндөр түвшинд хөгжүүлэх зорилт тавьжээ.