Нутаг орноо зорих их нүүдэл эхэллээ
2024-01-30 10:54:50
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сар хаяанд ирлээ. Нутагтаа очиж золгох яриа ид өрнөж байна. Галт тэрэгний тасалбараа авсан уу гэж нэг нэгнээсээ хүмүүс асууцгаана. Сар шинээр аав ээж, ах дүүсдээ золгохоор цувдаг нь Хятадын уламжлал. Тэрбум 400 сая хүний олонх нь хотоос хөдөө, хөдөөнөөс хот руу цувахаар төмөр замын ачаалал ямар болох нь ойлгомжтой. Энэ үеэр сар гаруй хугацаанд цагаан сарын зорчигч тээврийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жилийн хөл хөдөлгөөн  26-наас албан ёсоор эхэлсэн. Гуравдугаар сарын 5 хүртэл хэрэгжинэ. Цар тахал дуусч хүмүүсийн чөлөөтэй зорчих болсон тул энэ жил давхардсан тоогоор 9 тэрбум хүн зорчих төлөвтэй байна. 

Том цүнх, чемодан чирсэн хүмүүс замд гарцгааж, төмөр зам, авто зам, агаарын замаар нутгаа зорьж байна. Хятадын цагаан сарын зорчигчдийн хөдөлгөөнийг жилд нэг тохиодог хүн төрөлхтний их нүүдэл гэсэн нь оновчтой дүгнэлт байж болох юм.  Энэ их нүүдэл бол Хятадын түүх соёл, хүн ардын нь зан зүйлийг харуулах толь болсон гэж хэлж болохоор байгаа юм. 

Цагаан сарын зорчигч тээвэр өөрийн гэсэн түүхтэй. Энэ тухай сөхвөл 1978 онд энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэх үед галт тэрэг цагт 43 км хурдтай явдаг байжээ. Өнөөдөр ямар болсон гээч. Хурдны галт тэрэг цагт 350 км хурдалдаг болжээ. Тэр үед зорчигчид зөвхөн галт тэргээр явдаг байв. Харин одоо бол  төмөр зам, авто машин, нисэх онгоцоор аялж байна. Тээврийн иж бүрэн, орчин үеийн нэгдсэн сүлжээ бий болжээ. Тээврийн дэд бүтэц хөгжиж, түүний зэрэгцээ үйлчилгээ нь шинэчлэгдэж,  зорчигчид тав тухай аялах болсон. Өмнө нь хүмүүс олон цаг, өдөр хоногоор явж байж хүрдэг байсан бол одоо аяллын цаг богиноссон. Энэ бол  улс орны хөгжил дэвшлийг харуулж байгаа хэрэг. 

Хаврын баяраар нутгаа зорьсон хүмүүс зөвхөн зорчигч тээврийг дайчлаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж, хэрэглээг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шилжилт хөдөлгөөн хийж буй энэ олон зуун сая хүн тасалбар авна,  зочид буудал захиална, бараа худалдаж авна, жуулчны баазад амарна, зоогийн газраар үйлчлүүлнэ. Энэ бүхэнд эдийн засгийн цусны эргэлт сайжирч байгаа юм. 

Цагаан сарын их нүүдэл бол далайцтай хөл хөдөлгөөн үүсдэг тул зам тээврийн салбарууд  тусгай хөтөлбөр гаргахын зэрэгцээ аюулгүй байдлын талаас маш нямбай төлөвлөгөө гаргаж ажилладаг.  Иймд аюулгүй байдлын хяналт удирдлагыг чангатгаж, үйлчилгээгээ сайжруулж, сарын шинийн тээвэрт найдвартай баталгаа хангаж байна.