Жо Байден иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Израильд хүсчээ
2024-02-12 11:53:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Израилийн эх сурвалж болон Цагаан ордны мэдээлснээр, өчигдөр 11-ний өдөр Америкийн ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж, Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод хуурай замын ажиллагаа явуулахаас өмнө нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Израилийн талд хүссэн байна.

Израилийн засгийн газрын албаны хүн 11-ний өдөр сурвалжлагчид хэлэхдээ, Нетаньяху, Байден хоёрын яриа найрсаг уур амьсгалтай болсон. Хоёр тал голчлон барьцаалагдсан израильчуудыг суллах, мөн Рафахад явуулах Израилийн ажиллагааны талаар ярилцсан байна.

Цагаан ордноос 11-ний өдөр гаргасан мэдэгдэлд, Жо Байден Беньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Рафахад байгаа 1 сая орчим хүний аюулгүй байдлыг хангах "найдвартай төлөвлөгөө" байхгүй бол цэргийн ажиллагаа явуулахаа азнах хэрэгтэй гэж сануулжээ. Жо Байден мөн Палестины энгийн иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийн тулд яаралтай, тодорхой арга хэмжээ авахыг уриалав.