Ши Шинь тосгоны шинэ төрх ба Ли өвгөний биелсэн мөрөөдөл
2024-03-04 22:28:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хэнань мужийн Фүянь хотын Ши Шинь тосгоны 70 настай Ли Лянь Чэнь гуайн мөрөөдөл болох тосгоны багачуудаа сайн сургуульд сургаж эрдэм боловсрол олгох, нутагтаа орчин үеийн мундаг эмнэлэгтэй болох, орон нутгийн ажилгүйдлийг бууруулж хүн болгоныг хөдөлмөр хөлстэй залгуулах, залуусыг гадагш явж хар ажил хийлгэхийн оронд уугуул нутгийнхаа хөгжилд дайчлах, амьдралын эко орчныг сайжруулж том жижиггүй цэвэр цэнгэг агаар усаар хангагдах, хөдөө нутгаа хөгжүүлэх бүх л хүсэл нь улс орны хөгжлийн нэгдсэн бодлогын дунд хэрэгжиж бүтсэн нь түүнд чухал л зүүд шиг санагддаг гэнэ.


Ли Лянь Чэнь, Ши Шинь тосгоны эрчимжсэн тариан талбайд

70 настай Ли Лянь Чэнь гуай орон нутгийнхаа ардын төлөөлөгчийн хувиар өнгөрөгч жил хоёр чуулганы төлөөлөгчдийн хуралд оролцохоор Бээжинд ирсэн юм. Тэрбээр 2019 онд ардын төлөөлөгч байхдаа хэсгийн хуралдаан дээр Ши даргад амьдралаа ярих үедээ нутгийнхаа тариачдын найман мөрөөдлийг тоочсон нь эдүгээ нэгэнт биеллээ олсонд өвгөн нэн баяртай байж билээ. Улс орны амьдрал гэдэг нэг жижиг тосгоны асуудалтай харьцуулгүй их асуудал байдаг нь тодорхой ч Ли өвгөний найман санаачлага эл дөрвөн жилд хэдийнэ бүтэж бүрэлдсэнд тэрээр жигтэйхэн хөгсөж баярлажээ.


Ли Лянь Чэнь, Ши Шинь тосгоныхоо хүнсний аж ахуйн нэгжид

2019 онд өөрт оногдсон зургаахан минутдаа багтаан Ши даргад ээрч мууран учирласан найман санаачлагыг нь улсын их удирдагч чухалчлан сайшааж “Чи маш зөв зүйтэй зүйлийг онцгой сайхан ярилаа” гэж хэлэхэд өвгөний нуруун дээрээс ачааг нь буулгах шиг тайвширсан хэдий ч мөн л Ши даргын хариу учирласан “Улс орны удирдлагууд бид ард иргэдийнхээ хүслийг аажим алгуур боловч гүйцэтгэхийн төлөө чармайсаар байна. Үеийн үеийн удирдагчдын санаа зорилго ийм байсан” гэдэг үгийг сонсоод “Арга ч үгүй дээ. Их улс маань ямар манай тосгон шиг жижигхэн биш” гэж боджээ. 


Хэнань мужийн Фүянь хотын Ши Шинь тосгон

Харин өнөөдөр тосгоных нь шинэ сургуульд газар газраас цугласан 1300 гаруй хүүхэд сурч боловсорч, шил толь болсон цэцэрлэгт нь нялх балчир үрс жаргалтайяа торниж, аав ээжүүд нь ажил хөдөлмөртөө шамдаж, үүдээ нээгээд удаагүй 500 ортой шинэхэн эмнэлэг тосгоныхоо ахмад настнуудыг анагаан сувилж, эрчимжсэн ХАА, тэжээн үржүүлэх ферм, аж үйлдвэрийн цехүүдэд 2000 гаруй хүн ажлын байраар хангагдаж, тосгоны зам харгуй их хөгжлийн замуудтай холбогдож харилцаа холбоо нээлттэй болсонд баярласан Ли Лянь Чэнь гуай талархах бүртээ “Ши дарга өөрөө орон нутагт ажиллаж, хөдөөгийн амьдралын хар борыг хангалттай ойлгож таньсны хүчээр бид ийм болов” хэмээн ярьж суух болжээ. Тэрээр “Ши даргад би тариачдын мөрөөдлийг хэлсэн нь илбэ шид шиг биелсэн. Одоо харин бид өөрсдөө улам хичээн ажиллаж төрөлх тосгоноо улам сайхан болгохын төлөө зүтгэх л үлдлээ. Ирээдүй илүү сайхан болно” гэжээ.