Энэ оны “Хоёр чуулган” эхлэхийн өмнөхөн, хоёрдугаар сарын 16-нд хэвлэгдсэн Чюшы сэтгүүлд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин “Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог баримтлан боловсронгуй болгож, ард түмэн эзэн сууж эрх мэдэхийг баталгаажуулна” нэртэй өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд, бүхий л шатанд ардын ардчиллыг үргэлжлүүлэн хөгжүүлж, ард түмэн эзэн сууж эрх мэдэх тогтолцоог улам боловсронгуй болгох тухай дурдсан байна.
Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо нь ард түмэн эрхээ эдлэх, эрхээ хэрэгжүүлэх гол арга зам, хэрэгжүүлэх дээд хэлбэр юм. 70 жилийн практик хөгжлөөр дамжиж, их хурлын систем улам бүр боловсронгуй, тогтвортой болж байна. Үүний зэрэгцээ практик хөгжил хэзээ ч зогсохгүй бөгөөд цаашид улам боловсронгуй болгож сайжруулах орон зай ч байсаар байна. Ардын төлөөлөгчдийн их хурлын энэхүү тогтолцоо нь бусад улс орны системтэй адил судалгаа хөгжлийн замыг дамжиж байгаа юм.
Чюшы сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллэлдээ Ши Жиньпин шинэ эрин дэх ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцооны талаар онол, практикийн шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ шаардлага дэвшүүлсэн юм. Тухайлбал: Ард түмэн эзэн сууж эрх хэрэгжүүлэхийг тогтолцоогоор баталгаажуулах, хуулийн засаглалыг дээдлэх, ардчилал нь төвлөрсөн шийдвэртэй байх, үндэсний засаглалын тогтолцоог шинэчлэх гэж тодорхойлжээ.
Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо нь Хятад улс бүхий л шатанд ардын ардчиллыг хэрэгжүүлэх чухал илэрхийлэл болохыг өгүүлэлд онцолж, тодорхой шаардлага тавьж, заавар өгсөн байна. Тодруулбал: Ард түмэн хуулийн дагуу сонгуулийн эрхээ хэрэгжүүлж, ардын төлөөлөгчийг ардчиллаар сонгож, үнэн байдлыг ойлгох, оролцох, илэрхийлэх, хянах зэрэг ард түмний эрхийг ардын төлөөлөгчдийн их хурлын ажлын олон тал, бүхий л шатанд хэрэгжүүлэх ёстой. Энэ замаар нам, төрийн шийдвэр, хэрэгжилт, хяналт зэрэг үйл явцад ард түмний дуу хоолойг сонсох боломжийг бүрэн хангах хэрэгтэй гэжээ.
"Систем тогтвортой бол улс орон тогтвортой, систем хүчирхэг бол улс орон хүчирхэг байх болно” гэж Ши Жиньпин дурдсан байдаг. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал байгуулагдаж хөгжсөн 70 жилийн туршдаа олон сая ард иргэдийг эзэн сууж эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан юм. Хятад улс энэ тогтолцоог цаашид баримталж, цаг эринтэй уялдуулан хөгжүүлэх болно.