Нэгэн насанд хоёронтоо амьдарсан мэт...
2024-03-05 22:32:39
Share
Share this with Close
youtube WeChat

Экологи сайжирснаар зэрлэг амьтад олноороо үзэгдэх боллоо. Манай энэ хавиар бор гөрөөс, баавгай ирэх нь ихэссэн гэж Жоу И Жэ өөрийн амьдарч байгаа Их Хянган Давааны тухай ярихдаа сэтгэл хангалуун хэлж байдаг нэгэн.

Өдгөө 60 настай Жоу И Жэ ч мөн тэр үед улс орны хөгжлийн галт тэрэгний эрэг шураг болж Хянган давааны мод бэлтгэлийн хэсэгт ажиллаж, уулын модыг унагахдаа уухайн дуу хадааж явсан хүний нэг. Улс орны бүтээн байгуулалтын он жилүүдэд Хянган даваанд хөрөө сүхний дуу тасралтгүй нүргэлж, тэнгэрт тэмүүлж ургадаг тэгш гуалиг шинэс модыг их хэмжээгээр тайрч унагаж зарцуулдаг байжээ.

Харин өнөөдөр Жоу И Жэгийн гарт хөрөө сүх алга. Оронд нь хүрз дүүрэн тарьц, хувин дүүрэн бордоо, нүүр дүүрэн инээмсэглэл байна. Хянган давааны модыг хядаж явсан хөдөлмөрчин ард өнөөдөр ойн нөхөн сэргээлтийн ажилтан болж эх нутгийнхаа байгалийг унаган төрхөөр нь эргэж цогцлоох ажилд төр засгийн дуудлагаар хүчин зүтгэж явна. Огтолж тайрч явсан ойгоо хамгаалж төлжүүлж, эко системийг нь эргүүлэн “тарьж ургуулж” яваадаа тэр ихээхэн сэтгэл хангалуун.

Гурван жилийн өмнө тэрээр Ардын их хурлын ордонд Ши даргад өөрийн болон өөрийн арчлан хамгаалж байгаа ойнхоо тухай танилцуулж, “Бид урьд нь мод тайрч унагаж байсан, тухайн үед манай багийнхан жил бүр 400 вагон мод ачиж байсан. Одоо хөрөө сүхээ орхиж, ойн арчлагч болсон” гэсэнд Ши дарга “Хөгжлийн үе шат гэж байдаг. Тухайн үед мод тайрч унагаж байсан нь улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө, одоо ой мод тарьж ургуулж арчилж байгаа нь ч улс орныхоо бүтээн байгуулалтад үйлчилж байгаа хэрэг юм” гэжээ.

Угийн ажилч, чигч, хөдөөгийн цөлх бор ухаантай энэ эр, нутагт нь хоёронтоо биеэр хүрэлцэн ирж ажил байдалтай нь танилцсан Ши даргад ч гоёж гоодоогүй үнэнээ аймшиггүй өчсөн түүхтэй. Хөдөлмөрчин түмний эгэл нэгэн төлөөлөл болсон Жоу И Жэгийн хольцгүй сэтгэлийн өчлийг улсын их удирдагч олзуурхан сонсож, улсынхаа эко хөгжил хийгээд төрийн шинэ бодлогод хувь нэмрээ оруулж байгааг нь сайшаажээ.

Мод тарьж ургуулах нь орчноо хүчилтөрөгчөөр баяжуулж, нүүрсхүчлийн хийг багасгаж, дулаарлыг бууруулах бичил орчинг бүрдүүлдэг экологийн өндөр ач холбогдолтой ажил юм.

Устгахаас бүтээх нь ямагт хэцүү байдаг тэр л жамаар эвдэгдсэн байгаль дэлхийг эвлүүлэн тордож дахин шинээр төлжүүлэх нь амаргүй ажил хэдий ч Жоу И Жэ харин энэ ажил мэргэжилдээ маш их хайртай. Нэгэн насанд амжиж хоёртонтоо амьдарсан мэт санагддаг хэмээн ярьжээ.