Хиймэл оюун ухааныг асар хурдтай хөгжүүлж эхэллээ. Ингэснээр олон ажлын байр хиймэл оюун ухаанд зайгаа тавьж өгөх болох вий гэж хүмүүс зовинож байна. Гэхдээ хэзээ ч техник болоод хиймэл оюун ухаан гүйцэтгэж чадахгүй мэргэжил, ажлын байр гэж бас байнаа. За тухайлбал сэтгэл зүйч. Хүмүүс хиймэл оюун ухаан, АI-аас анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө авч чадах боловч хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсож, үзэл бодлоо хуваалцаж, ойлгож, мэдрэх боломжгүй. Сэтгэлзүйчийн мэргэжил, ажлын байр ямар ч үед баталгаатай үлдэх юм.
Хоёрт гэвэл бүтээгч, санаачлагчид байна. Уран бүтээлчид амьдралаас олж харсан, үзсэн, дуулсан, ойлгосон мэдрэмжээрээ шинэ зүйл бүтээдэг, АI ямар нэгэн түвшинд хүмүүсийн урьдын бүтээсэн зүйлийг дууриаж чадах боловч, жинхэнэ утгаар шинийг бүтээх, хүмүүсийн сэтгэлд хүрэх бүтээл туурвих боломжгүй юм. Тиймээс туурвигчид хэзээ ч хиймэл оюун ухаанд шахагдахгүй.
Гуравт гэвэл тамирчин байна. Хиймэл оюун ухаан цахим спортын салбарт амжилт олж болох ч хурд, хүч, тэсвэр хатуужил, овсгоо самбаа шаарддаг спортын талбарт үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хүний бие организм, тэсвэр, тэвчээр, хүсэл тэмүүллийг хиймэл оюун ухаан өөртөө шингээж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Дөрөвт гэвэл цэцэрлэгийн багш байна. Бага насны хүүхдийг сургах, хүмүүжүүлэх цаг хугацаа хэрэгтэй, хайр халамж, уужим сэтгэл, хүлээц тэвчээр гэдэг зөвхөн хүнд байх хүмүүнлэг чанар хэрэгтэй. Хиймэл оюун ухааныг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болох юм. Түүнээс биш сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн багшийн хэмжээнд хүүхдийг өсгөж, халамжилж, ээж шиг нь энэрэл хайр өгч чадахгүй нь мэдээж.
Тавд гэвэл сувилагч байна. Өнөө цагт хиймэл оюун ухаанаар эрүүл мэндийн оношилгоо хийж, эмчилгээнд AI сайтар ашиглаж болох ч өвчтөний ердийн асаргаа, тэдэнд мэдрүүлэх хайр халамж, тэдний сэтгэл зүйг ойлгож мэдрэх зэргээр тусалж, эрүүлжүүлж тэнхрүүлэх процессыг хиймэл оюун ухаан хийж чадахгүй.
Зургаад гэвэл гамшгийн авран хамгаалагч байна. Гал, ус, газар хөдлөлт, осол, дэлбэрэлтийн үед онцгой байдлын аврагчид гал руу, ус руу, хортой утаа руу эр зоригоороо, зүрх сэтгэлийн дуудлага, үүрэг хариуцлагаараа эрсдэлийг үл тоож ордог. Тэр хэрээрээ олон арван, олон мянган хүний амь авардаг. Хиймэл оюун ухаан ийм гамшгийн нөхцөлд зохих хэжээгээр авран туслах ажилд оролцож болох ч хүний сэтгэлийн дуудлага, эр зориг, онцгой нөхцөлд шийдвэр гаргахгүй гэдэг нь үнэн.
Долоод гэвэл амьдралын дасгалжуулагч. Хүмүүс мухардсан, цөхөрсөн, явах замаа олохгүй, хүнд дарамттай үед амьдралын дасгалжуулагч авардаг. Тэд чиглүүлж, тусалж, итгэл найдвар өгч хүнд байдлаас гарахад хүч, нөмөр нөөлөг болдог. Тэд хүн бүрийн онцлогт тохирсон алхам хийж, сэтгэлзүйг нь зөв үнэлж амжилтад хүрдэг. Харин хиймэл оюун ухаанд тийм увидас байхгүй билээ.
Хэдийгээр хиймэл оюун ухаан AI хүч түрэн орж ирж, хүмүүсийн амьдрал ахуйг хөнгөвчилж байгаа ч хүний төрмөл мөн чанарыг орлож чадахгүй юм.