Өнөөдөр, 3 сарын 7-нд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын дипломат бодлого ба гадаад харилцаа" сэдвээр дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.
Ван И хэлэхдээ, Палестин, Израилийн мөргөлдөөний улмаас 100 мянга гаруй энгийн иргэд амиа алдаж, бас хэчнээн олон гэм зэмгүй хүн нурангид дарагдсныг мэдэхгүй. Хүний амь бол хэн ч бай үнэтэй. Үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаж болохгүй. XXI зуунд хүмүүнлэгийн сүйрлийг зогсоож чадахгүй байгаа нь хүн төрөлхтний эмгэнэл, ичгүүр юм. Мөргөлдөөнийг үргэлжлүүлэх ямар ч шалтгаан байж болохгүй, энгийн иргэдийн амь насыг бүрэлгэхийг зөвтгөж болохгүй. Олон улсын хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авч, нэн даруй гал зогсоож, дайныг зогсоохыг эн тэргүүний зорилт болгож, хүмүүнлэгийн тусламжийг баталгаажуулахыг ёс суртахууны яаралтай үүрэг болгох ёстой.
Палестины ард түмэн үндэсний хууль ёсны эрхээ сэргээх шударга үйлсийг Хятад улс тууштай дэмжиж, Палестины асуудлыг иж бүрэн, шударга, урт хугацаагаар зохицуулахын төлөө хичээн зүтгэж ирсэн юм. Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн болгохыг бид дэмжиж, Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн үүнд саад тотгор учруулахаа зогсоохыг уриалж байна. Палестин, Израиль хоёр тал энхийн хэлэлцээгээ сэргээж, Палестин, Израиль хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, араб болон еврей үндэстэн эв найртай зэрэгцэн оршихыг бид дэмжинэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлэн хамт байж, энх тайвныг сэргээж, хүний амь насыг аварч, шударга ёсыг сахин хамгаалахын төлөө хичээсээр байх болно гэжээ.