Хятад улс тэнцвэртэй байдал, тэгш хөгжлийг уриаллаа
2024-03-08 15:13:47
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын байдал хурцадмал асуудлуудаар дүүрэн байгаа энэ цаг үед болж буй Хятадын хоёр чуулганыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Дэлхийн тэргүүлэгч том зах зээлийн нэг болох Хятад орон дотоод гадаадад баримтлах бодлогоо баталж, дэлхийн улс төр эдийн засаг дахь өөрсдийн нөлөөлөл, стратегиэ тунхагладаг ихээхэн чухал арга хэмжээ учраас нүд салгахгүй анзаарч байхаас ч аргагүй юм.

Хоёр хурлын явцад ерөнхийдөө хоёр үндсэн чиглэл нэгэнт тодорхой болоод байна. Товчлон тоймловол, нэгдүгээрт Хятад улсын гадаад харилцаа болон олон улсын улсын тавцан дахь байр суурь уламжлал ёсоор дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг дэмжин, бий бүхий оронтой найрсаг хамтын ажиллагааны харилцаа байгуулж, өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эв зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулах явдал болно. Энэ нь Америк шиг эдийн засгийн хавчлага бүхий түрэмгий хориглолт бус, харин энхийн аргаар, өөрсдийн зүгээс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэм, бодлого зохицуулалт санал болгож буй содон хэлбэр байлаа. Энэ нь их гүрнүүдийн илт өрсөлдөөн дунд ил гарч ирдэггүй туйлын найрсаг, нэн хачирхалтай санал гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлон дурдацгаав. "Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, дэвшлийн хүчин байх болно" гэсэн мэдэгдлийг Ван И Хятадын төрийг төлөөлөн хэлсэн юм.

Хятад улс өөрийн аюулгүй байдал, тогтвортой системд найдаж байгаа төдийгүй дэлхийн энх тайвны төлөө идэвхтэй чармайлт гаргасаар байна гэдгийг тэр онцлов. Дотоодын тогтвортой байдал нь бүхий л талаар хангагдаж “Гэрээ зассан” айлын үг ийм жинтэй байдаг ажээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр олон улсын хямралыг зохицуулах Хятадын онцлогтой арга замыг танилцуулсан бөгөөд энэ нь улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүйн зэрэгцээ улс төрийн аргаар зохицуулахыг удирдлага болгох, бодитой, шударга байхыг баримтлах хэмээн дурдсанаас гадна “Асуудлыг уг үндэснээс нь шийдвэрлэхийг хичээнгүйлнэ” гэжээ. Хэдийгээр төвийг сахих ч “Өвчний шарханд эм түрхэх төдий” өнгөн сувилгаа үзүүлэхийн оронд оношийг нь олохыг чухалчилна гэдгээ ингээд шууд хэлчихэж байна. Онош нь олдсоны дараа хүсвэл эмчилгээний арга, эм тангаа ч хуваалцахад бэлэн аж.

Хятад улс өөрсдийн нөөцөө дэлхийд санал болгож эхэлсэн нь “Бүс ба зам” санаачлага гэх мэтийн мега төслүүдээс нь харагддаг бөгөөд тэр ч хэрээрээ найз нөхдийн зузаан хүрээллийг нэгэнт буй болгоод байгаа билээ. Одоо харин дэлхий нийтэд “Итгэл хүлээлгэвэл илбэн тохинуулалцъя” гэх санаагаа анх удаа “хэлж” байгаа нь энэ. Нэг үгээр багцалвал, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, эдийн засгийн хүртээмжтэй, даяаршлыг санал болгосон хэрэг. Энэ нь дотоодын хөгжлийнх нь зорилт байсаар ирсэн төдийгүй тэдгээр зорилтууд хэрхэн нүдэн дээр цэцэглэж жимслэж байгааг дэлхий нийт харсаар, ярьсаар билээ...

Харин дотоодын хөгжил, цаашдын зорилгыг тодорхойлохдоо өмнөх үндсэн чиглэл болох ногоон, аюулгүй, эко зарчим дээр нэмэгдсэн нэг содон гэхээр зүйл нь “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” гэх тодорхойлолт байв. Чанар дээр суурилж, инновациар өлгийдүүлсэн шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь чансаатай хөгжлийн гол хөдөлгүүр гэдгийг ийнхүү тунхаглалаа. Мэдээж дээр дурдсан, эрх тэгш, эмх цэгцтэй ижил боломжуудыг иргэддээ олгохын төлөө, нэгэнт буй болгосон амжилт ололтоо хадгалах, улам бататгахын төлөөх дагалт заалтууд бүр л төгөлдөржиж батлагдах нь тодорхой.

Хоёр хурал өндөрлөх хараахан болоогүй ч өнөөдрийн байдлаар ойлгомжтой, тодорхой болсон үндсэн асуудлууд нь ийм байна.

--Батмөнхийн Зандаахүү