БНХАУ-ын хоёр чуулган буюу БНХАУ-ын 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их Хурлын II чуулган болон 14 дэх удаагийн Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн II чуулган гуравдугаар сарын 4-нд эхэлж, 10-ны өдөр хуралдаж өндөрлөнө.
Хоёр чуулганы тус бүрийн онцлог, үүрэг юу вэ. БХАТИХ бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага. Харин УТЗЗ нь засгийн газарт томоохон асуудлаар санал зөвлөмж гаргадаг улс төрийн зөвлөх байгууллага юм. Мөн БХАТИХ нь засгийн газрын гол томилгоо, төрийн томоохон асуудлыг шийдвэрлэж, хууль баталж, улсын эдийн засгийн төлөвлөгөө, төсвийг баталдаг бол УТЗЗ нь улс төрийн зөвлөлдөх, улс төрийн хяналт, төрийн үйл хэрэгт оролцоход анхаардаг. Товчхондоо хоёр чуулган нь Хятадын улс төрийн хүрээнд жилд нэг удаа зохион байгуулагддаг, засгийн газраас өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэж, олон нийтэд тайлагнан, ирэх нэг жилд улс төр, эдийн засаг, нийгмийн салбаруудад авч хэрэгжүүлэх бодлогуудаа баталдаг чухал хурал билээ.
Бидний хувьд өмнөд хөршийнхөө нийгэм, эдийн засгийн салбарын бодлогын үндсэн чиглэл, тэргүүлэх зорилтууд, хөгжлийн гол чиг хандлагын талаарх ойлголттой болох нэгэн нээлттэй цонх гэж ойлгож болно.
УТЗЗ -ийн тухайд 1949 онд байгуулагдсан бөгөөд энэ удаад улс төрийн нам, нийгмийн бүлэг, үндэстний цөөнхийн төлөөллөөс бүрддэг 2200 гаруй төлөөлөгчид цуглав. Гуравдугаар сарын 4-ний өдөр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хунин ажлын тайлангаа тавьсан. Ван Хунин бол Хятад улсын дарга Ши Жиньпиний зөвлөх, Улс Төрийн Хорооны гишүүний хувьд Хятадын улс төрийн маш хүчтэй лидер. Тэрээр тайландаа шинэчлэлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх хэрэгтэй гэдгээ онцлон тэмдэглээд, 2024 он бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож, 14-р таван жилийн төлөвлөгөөнд (2021-2025 он) тусгагдсан зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх чухал жил гэдгийг онцлон тэмдэглэв.
Харин чуулганы хоёр дахь өдөр буюу гуравдугаар сарын 5 өдөр БХАТИХ нээлтээ хийж, нийгмийн салбар бүрийн төлөөлөл болох 3000 орчим төлөөлөгч оролцов. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын тайлангаа тавилаа. Энэ бол Хоёр чуулганы хамгийн анхаарал тавин чагнах хэсэг юм. Ингээд Ли Чян Ерөнхий Сайдын ажлын тайлангаас зарим онцлох зорилт, төлөвлөгөөг авч үзье.
Эдийн засгийн хувьд ноён Ли Чян 2024 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жилийнтэй адил таван хувьтай байхаар төлөвлөж, эдийн засгийн тогтвортой байдалд онцгой анхаарна гэдгээ мэдэгдлээ. Бүс нутгийн нөхцөл байдал даамжирч, дотоодын хөгжлийн олон сорилтуудтай тулгараад байгаа энэ үед эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх нь ихээхэн бэрхшээлтэй байх магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж байна. Тиймдээ ч “өндөр амбицтай зорилт” гэж нэрлээд буй. Эдийн засгийн өсөлтийг хангахад “нарны эрчим хүч”, “цахилгаан автомашин” болон “батерей” гэсэн “шинэ гурван” салбарын хөгжил чухал нөлөө үзүүлэх болов уу гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг 5.2 хувьд хүрэхэд дээрх гурван салбар хамгийн том хувь нэмэр оруулсан юм.
Хятадын эдийн засгийн өсөлтөд хүн амын тооны бууралт, залуучуудын ажилгүйдэл, хүн амын насжилт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Хятадын хүн ам сүүлийн хоёр жил огцом буурсан. Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, 2023 онд Хятадын хүн амын тоо нийт 2.75 саяар буурч, 1.409 тэрбум болсон байдаг. Хүн амын бууралтаас шалтгаалж, хөдөлмөрлөх насны хүмүүсийн тоо эрс багасч, ингэснээр хөдөлмөрийн зардал нэмэгдэж, эдийн засгийн бүтээмж буураад байгаа билээ. Хятадын эдийн засгийн хүндрэлийн нэг гол асуудал гэж болно. Тэгвэл Ерөнхий Сайд Ли Чян ажлынхаа тайланд энэ жил хөдөлмөрийн зах зээлд алхан орж буй 11.7 сая төгсөгчдийг дэмжих арга хэмжээ авна, мөн улсын хэмжээнд ажил эрхлэлтийн тогтвортой байдлыг хангана, орлогын өсөлтийг дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ" гэдгээ мэдэгдэв.
Түүнчлэн тайланд Хятад улс төрөлтийг дэмжих бодлогоо сайжруулж, энэ хүрээнд хүүхэд асрах чөлөөний бодлогыг боловсронгуй болгож, холбогдох үүрэг хариуцлагыг хуваалцах механизмыг сайжруулах замаар төрөлтийг нэмэгдүүлнэ гэв. Харин өсөн нэмэгдэж буй өндөр настнуудад үзүүлэх халамж, үндсэн дэмжлэгийг нэмэгдүүлж, тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх бодлого баримтална гэдгээ зарлав.
Үл хөдлөх хөрөнгийн салбар нь Хятадын эдийн засагт сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хурдацтай өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж, ДНБ-ий 30 гаруй хувийг дангаар бүрдүүлж байв. Гэвч өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарын дунд хугацааны удаашралыг зохицуулах ажил Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой болоод байгаа билээ. Тэгвэл тус тайланд засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар "зүй зохистой" төслүүдийг санхүүжүүлж, орон сууц худалдан авагчдын санааг зовоож буй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн асуудлыг Бээжин шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.
Тэгвэл “Шинэ чанарын бүтээмж” гэдэгт өндөр зэрэглэлийн, ухаалаг болон цэвэр үйлдвэрлэлийн салбарын системийн шилжилт багтана. Хятадын хөгжлийн бодлогод уг нэр томьёог Ши Жиньпин 2023 онд шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг салбаруудын хөгжлөөр дамжуулж, эдийн засгийн өөрчлөлт, өсөлтийг дэмжин, өндөр чанартай, ухаалаг, цэвэр үйлдвэрлэл рүү шилжих зорилготойгоор дэвшүүлсэн юм.
Шинжлэх ухаан инновац нь Хятадын хөгжлийн гол түүчээ хэвээр байх нь. Өмнөд хөрш энэ онд шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтыг 10 хувиар өсгөж, 370.8 тэрбум юань буюу 51.6 тэрбум ам долларт хүргэнэ гэсэн нь тус улсын эдийн засгийн бүтцийн шилжилтийг амжилттай хийх, гадаад дотоод төрөл бүрийн сорилт бэрхшээлийг даван туулах, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд том хувь нэмэр оруулах нь лавтай.
Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтад тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, "дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн импортын татварыг зохих ёсоор бууруулна" гэдгээ ч илэрхийлэв.
Харин батлан хамгаалахын зардлыг 1,6 их наяд юань буюу 7.2 хувь өсөлттэй байхаар төлөвлөжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын батлан хамгаалахын зардал харьцангуй тогтвортой байж, ДНБ-д эзлэх хувь нь 1.6 хувь орчим байна. Ер нь Хятадын батлан хамгаалахын зардал сүүлийн хорин жилийн хугацаанд бараг тав дахин өсч, 2002 онд 62 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 296 тэрбум ам.доллар болж өссөн байдаг.
Тайваны асуудлаар Ерөнхий сайд илүү эрс байр суурийг илэрхийллээ. Өнгөрсөн жилийн тайландаа Ли Чян “Хятад улсыг энхтайвнаар нэгдэх явцыг урагшлуулна” гэж байсан бол энэ удаа “Тайваны тусгаар тогтнол”-ыг эрс эсэргүүцэж байна, “Хятад улсыг нэгтгэх явдлыг тууштай урагшлуулна” гэлээ. Мөн “аюулгүй байдал” гэсэн үгийг 29 удаа дурдсан нь тус улс аюулгүй байдалд ихээхэн анхаарч байгааг илтгэж байна.
Хятад улс эрчим хүч, нөөцийн аюулгүй байдлыг хангахын тулд газрын тос, байгалийн хий, стратегийн ашигт малтмалын хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, түлшний хэрэглээнд тавих хяналтаа чангатгах болно. Мөн шар буурцаг болон бусад тосны ургамлын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, мал аж ахуй, загас агнуурын үйлдвэрлэлийг тогтвортой байлгаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах алхам хийнэ гэдгээ зарлав.
Ли Чянь Ерөнхий сайд эдийн засгийн тайлангийнхаа төгсөлд Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгож, итгэл төгс, эрч хүчтэйгээр урагшилж, бүтэн жилийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгод хүрэх үүрэг даалгавыг хичээнгүйлэн биелүүлж, хятадын модернизациар хүчирхэг гүрэн байгуулж, үндэстнээ сэргээн мандуулах үйл хэргийн төлөө цуцалтгүй тэмцэх болно гэдгээ илэрхийлэв.
Хурал цаашид энэ сарын 10-ний өдрийг хүртэл үргэлжилэх тул “хоёр чуулган” нь олон улсын судлаачдын судалгааны халуун сэдэв байх болно.
Ашигласан эх сурвалж:
[1] 关于2023年中央和地方预算执行情况与 2024年中央和地方预算草案的报告
[2] What Does China Really Spend on its Military? https://chinapower.csis.org/military-spending/
[3] 李强作政府工作报告(全文)http://bj.crntt.com/crn-webapp/touch/detail.jsp?coluid=7&kindid=0&docid=106895817
Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ: МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин