Жил бүрийн хавар хуралддаг Хятадын "хоёр чуулган" нь Хятадын хөгжил, бодлогыг ажиглах цонх болдог. Энэ жил шинэ Хятад улс байгуулагдсан 75 жилийн ой, 14-р таван жилийн төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх зангилаа жил болж байгаа нь онцлог юм. Чансаатай хөгжилд хүрэх нь энэ жилийн "хоёр чуулган"-ы чухал сэдэв болж байна.
Хятадын өргөн уудам нутагт хавар ирлээ. Газар тариалангийн ажил эхэлж, Хунань, Жэжяны тариачид Бейдоу хиймэл дагуулын навигацаар машин механизмаа удирдан тариалалт хийж байна. Аньхуй мужийн Хефей хотын захиргааны албан хаагчид орон нутгийн компаниудад тулгарсан хүндрэл бэрхшээлийг шийдэж өгч байна. Хөх мөрний экологийн орчныг хамгаалах ажил үр дүнд хүрч, мөрний салаа, татуургад олон төрлийн загас жараахай үржиж байна. Хөх мөрөнд байдаг дельфинүүд усанд үсэрч, умбаж шумбахыг харах ч сэтгэл сэргэм. Хавар айлчилж ирж буй цагийн өнгө, урин салхины үзүүр хүмүүний сэтгэлийг тайвшруулна. Хятадын газар орон бүрт эдийн засаг нийгмийн хөгжил дэвшил, хөгжил хөдөлгөөн эрчимжиж, бүтээж, босгож, урагшилж байгаа нь чансаатай хөгжлийн өнгө төрх юм.
Өмнө нь танилцуулж байсан даа, экспортын "гурван шинэ бүтээгдэхүүн" гэж. Цахилгаан машин, лити батарей, нарны хавтан. Экспортод жин дарах болсон эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн л хурдтай өсөн нэмэгдсээр байна. 5G сүлжээ хэрэглэгчийн тоо 50 хувьд хүрч, хэт дамжуулагч бүхий квантын супер компьютер дэлхийд тэргүүлж байна. Том оврын C919 зорчигч тээврийн онгоц Бээжин Шанхайн хооронд тогтмол нислэг үйлдэх болов. Энэ жилийн цагаан сараар Харбины өвлийн аялал жуулчлал эдийн засгийн шинэ үзүүлэлт тогтоосон. Энэ мэтчлэн амжилт, ололт, бүтээж босгосон бүхнийг дурдвал дуусашгүй. Засгийн газрын ажлын тайланд 2024 оны эдийн засгийн өсөлтийг зорилтыг 5 хувьд барих, Дотоодын нийт бүтээгдэхүүнд оногдох эрчим хүчний хэрэглээг 2.5 хувиар бууруулах зорилт тавьсан.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын ардын их сургуулийн санхүү эдийн засгийн дээд сургуулийг захирал Жуан Шүминь хэлэхдээ, дээд технологид түшиглэсэн чансаатай хөгжил бол Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөх угтвар нөхцөл болно. Инновац үүний хөдөлгөх хүч болж, шинжлэх ухаан технологи дайчлах үүрэг гүйцэтгэнэ гэв. Энэ оны хоёр чуулганд Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх бодлого дэвшүүлсэн. Энэ нь чансаатай хөгжлийг эрчимтэй ахиулах дохио болж байгаа юм. Засгийн газрын ажлын тайланд орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх нь тэргүүн зорилт гэж зарлаад байна.
Японы Нихон Кейзай сонин, Хятадын хоёр чуулган устөрөгчийн шинэ эрчим хүч, шинэ материал, шинэ био эм бэлдмэл, бизнесийн зориулалттай сансрын технологи, квантын технологи, анагаахын шинжлэх ухааны дээд түвшний нарийн судалгаа, хөгжүүлэлтийг бодлогоор дэмжих тухай ярьж байна. Хятадууд шинжлэх ухаан технологийн салбарт ахин шинэ хувьсгал хийхээр алхлаа гэжээ.
Энэ оны хоёр чуулган ард иргэдэд маш чухал нэгэн асуудалд анхаарал хандуулж байна. Хувийн компаниудаар гүйцэтгүүлсэн төслийн санхүүжилтийг орон нутгаас цаг хугацаанд нь өгч чадахгүйгээс хувийн хэвшлүүд бэхжиж чадахгүй байгаа юм. Үүнийг энэ ондоо багтааж шийдвэрлэхээр боллоо. Асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлүүдэд олгох зээлийг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх боломж бүрдүүлж, бизнесийн орчныг сайжруулах юм.