Ойрх Дорнодод амар амгалан хэзээ ирэх вэ
2024-03-15 10:59:01
Share
Share this with Close
youtube WeChat

Дайн байлдааны гал утаа, гамшиг зовлон Сирид олон жил үргэлжилж, ард түмэн гаслан зовлон дунд амь зогоож байна. Алеппо хотын оршин суугч Мохаммед Хиндавийн гурван хүүхэд сургуульд сурч чадсангүй. Тэд ургах нарнас жаргах нар хүртэл ядарч туйлдтал хөлсний хар ажил хийж, хоёр идэхгүй хоосон хонохгүй өдөр хоногийг аргацааж байна. Одоогоос 14 жилийн өмнө, гуравдугаар сарын 15-нд Сирийн хямрал эхэлсэн. Уртаас ур үргэлжилсэн энэ харанхуй 13 жил дайны хөлд хүмүүс үрэгдэж, улс нь өрнөдийн орнуудын хоригт орсноор цэцэглэн хөгжсөн соёл иргэншилтэй Сирийн амьдрал там болж хувирчээ. 

   

Мохаммед Хиндави 46 настай. Сирид хямрал гарахаас өмнө оёдлын цех ажиллуулж, гэр бүлтэйгээ дутагдах юмгүй амьдарч байжээ. Дайн дэгдсэний дараа тэр автобусанд явж байгаад дэлбэрэлтэд өртөж хоёр хөлгүй болж, аргагүйн эрхэнд гэр бүлээрээ Сирийн умард нутгийн Латакия хот руу дүрвэжээ. Тэндээ хэсэг амьдарч байтал засгийн газрын цэрэг Алеппо хотыг чөлөөлж, ийнхүү эх нутагтаа буцаж ирсэн юм. Даанч, хуучин амьдралаас нь, оёдлын цехээс нь даавууны тасархай ч үлдсэнгүй. Амьдрал гэж авах юмгүй тамтаг болсон байна. 

НҮБ-ын тоо баримтаас харвал, Сирийн иргэдийн 90 хувь туйлын ядуу амьдарч, хүн амын 25 хувь болох 16 сая 700 мянган хүн хүмүүнлэгийн тусламжаар амь зогоож байна. Хүнсний дутагдалд орсноор Сирид 12 сая 900 мянган хүн яг одоо өлсгөлөн амьдарч байгаа юм. Зөвхөн Сири биш, Ойрх Дорнодод амьдрал тамтаг болсон ийм дүр зураг нийтлэг үзэгдэл болов. Ирак, Ливи, Палестин, Ливан, Йемен зэрэг олон улс гүнзгий хямралд автаад байна. 2011 онд Ливид дайн дэгдсэнээс хойш хүн ам 300 мянгаар хорогдож, Дотоодын нийт бүтээгдэхүүн 75 тэрбум 380 сая ам доллар байснаа буурсаар 48 тэрбум 170 сая ам доллар болжээ.

Америк 2003 онд Ирак руу түрэмгийлэн орж, засгийн газрыг нь түлхэн унагаснаар нийгмийн эмх журам алдагдаж, Иракийг терроризмын үүр уурхай болгосон. Америк тэргүүтэй улсууд 2010 онд Тунис, Египет, Ливи, Йемен зэрэг улсуудад Арабын хавар гэгдэх үймээн самуун "экспортолж" учраа олохоо байсан тэдгээр улсын эдийн засаг сүйрсэн юм. Иракийн улс төр судлаач Надум Абдулла хэлэхдээ, Америкийн номлож байсан ардчилал эдгээр улсуудын нийгмийг хагалан бутаргаж, нам бүлгүүдийг талцуулж, эх баялгийг цөлмөж, иргэний эрхийг уландаа гишгэж байна. Ардчилал, хүний эрх гэдэг нь зөвхөн бусад оронд өнгөт хувьсгал дэгдээх шалтаг байсан гэдгийг эдгээр жишээ тод харуулж байна гэв. 

Ойрх Дорнодын хямралын эх үүсвэр нь Америкийн хууль бус хориг болж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Туркийн өмнөд хэсгийн хилийн ойролцоох Сирийн нутагт хүчтэй газар хөдөлсөн. Америкийн урт хугацааны эдийн засгийн хоригоос болж, Сири газар хөдлөлтийн гамшгаас иргэдээ аврах чадал хүрэхгүй туйлдаад байгаа. Сирийн худалдааны эрхзүй судлаач Амар Юсуф  хэлэхдээ, Америк хориг тавих замаар Сирид эдийн засгийн дайн зарлаж, Сирийн ард түмнийг улам их хохироосон гэжээ. 

Ойрх Дорнодын бүсэд Америк ийм их үймээн самуун дэгдээсэн нь ямар зорилготой талаар Египетийн иргэн, Араб болон олон улсын үйл хэргийн мэргэжилтэн Мустафа Амин хэлэхдээ, тэдний Ойрх Дорнодод хэрэгжүүлж байгаа бодлого нь эл бүс нутаг дахь өөрийн ноёрхлыг хамгаалж, Арабын орнуудыг өөрийн аясаар хөдөлгөж, газрын тосыг нь цөлмөхийн төлөө юм гэжээ. Өдгөө Хятадын эвсүүлэн зуучлалаар нөхцөл байдалд эерэг хандлага гарч эхэлж байна. Хоорондоо дайсагналцаж байсан Иран болон Саудын Араб улс дипломат харилцаагаа сэргээж, Арабын орнуудын холбоонд Сири ахин элслээ. Катар, Бахрейн, АНЭУ, Сири, Тунис, Саудын Араб, Турк зэрэг орнуудын харилцаан хэвийн болж эхэлж байна.