Рафахыг дайрах төлөвлөгөөгөө орхихыг Израилд уриалав
2024-03-17 15:59:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 3 дугаар сарын 16-нд нийгмийн сүлжээнд, Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод газраар дайралт хийхээр Израил төлөвлөж байгаа тухай мэдээлэлд тэрбээр маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ байлдааны төлөвлөгөөгөө зогсоохыг Израилд уриалж байна гэж бичжээ.

Тедрос Адханом хэлэхдээ, хүн ам нягт энэ бүсэд хүчирхийлэл ширүүсвэл нэн олон хүний аминд хүрч, гай зовлон үүсгэнэ. Ялангуяа энд эмчилгээний тоног төхөөрөмж хүрэлцэхгүй болсон. Маш олон дүрвэгсэд гачигдал, өлсгөлөнд өртөж, гэмтэж бэртсэн тул нүүж шилжихийн аргагүй болсон гэжээ.

Хүмүүнлэгийн энэ хямрал цаашид даамжрахыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхгүй байж, энх тайванд хүрэхийн төлөө хичээн чармайхыг  “хүн төрөлхтөн”-ий нэрийн өмнөөс Израилд уриалж байна гэж Тедрос Адханом нэмж бичжээ.

Израилын ерөнхий сайдын алба энэ сарын 15-нд Израилын дайны үеийн засгийн газрын хуралдааны дараа гаргасан мэдэгдэлдээ, Израилын армийн Рафахад орж байлдах төлөвлөгөөг ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн өдөр батлан зөвшөөрсөн гэжээ. Палестины ерөнхийлөгчийн ордон мөн 15-нд мэдэгдэл гаргаж, Рафахад чиглэсэн Израилийн “аюултай түрэмгийлэл”-ийг шуурхай оролцоо болон үүрэг хариуцлагаар хориглохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсны зэрэгцээ ийм түрэмгийлэл Газын зурвасын ард түмний гаслан зовлонг дахинаар хүндрүүлнэ гэсэн байна.


Уртнасан