Фаллуджад геноцид үйлдсэнээс хойш 20 жил өнгөрчээ
2024-03-21 11:13:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хорин нэгэн жилийн өмнө, 2003 оны гуравдугаар сарын 20-нд Америк Ирак руу довтолсон. Дайн дэгдээсэн шалтгаанаа, үй олноор хөнөөх зэвсэг хадгалж байна гэж тайлбарласан. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцсээр байсан атал, НҮБ-ын аюулгүйн зөвлөл зөвшөөрөөгүй байтал тэд дайн эхлүүлсэн юм. 

2004 онд Америкчууд хоёр удаа Иракийн Фаллуджа сууринд өргөн хүрээтэй зэвсэгт халдлага хийж, цагаан фосфорын бөмбөг, ханасан урантай тэсрэх төхөөрөмж /бөмбөг/ ашиглаж үй олон жирийн иргэдийг хядаж, шархдуулсан юм. Иракийн цацрагийн бохирдол судлаач эрдэмтэн Сувад Наджи Азави хэлэхдээ, 2003-2004 онд Америк цэрэг Иракт ханасан уран агуулсан 181 мянган тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Фаллуджа хот уруу давшихдаа эдгээр бөмбөгийг бидний эсрэг их хэмжээгээр хэрэглэсэн. Дайны дараа Фаллуджад төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх болж, хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн гэжээ. 

Лалын шашны ариун дагшин орон Фаллуджа хот Иракийн нийслэл Багдадаас баруун тийш 70 км-ийн зайд бий. Евфрат мөрөн дундуур нь урсан өнгөрдөг Фаллуджад лалын 200 гаруй сүм хийд байдаг. Одоогоос 20 жилийн тэртээ Багдад болон Фаллуджаг холбосон засмал замыг хүмүүс эрлэг тамд нэвтрэх зам гэж нэрлэж байсан юм. 

2004 онд Америк цэргүүд Фаллуджа хотыг өдөр шөнөгүй бөмбөгдөж, газартай тэгшилсэн. Хотын оршин суугч 300 мянган хүнээс 250 мянга нь дүрвэж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж тэнүүчилсэн байдаг. 

Тухайн үед Америк цэргүүдийн хэрэглэсэн цагаан фосфорын бөмбөг хүмүүсийг ясанд нь тултал тарчилгаж, амьдын тамд унагаж байв. Фосфорын бөмбөг хүмүүсийн арьс махыг түлж, ясанд нь хүртэл нэвтэрдэг бөгөөд унтраах боломжгүй байдаг. Бөмбөгнөөс ялгарсан хорт хий нүд, уушиг, мөгөөрсөн хоолойг гэмтээдэг. Фаллужад ажиллаж байсан эмч хэлэхдээ, тухай үед ус тасарч, цахилгаан тасарч, шархадсан иргэдийг нь аврахад, эмчлэхэд маш хүнд байсан. Өдөрт 400 хүнд хагалгаа хийдэг байлаа. Эм тариа дутагдаж байсан тул аргагүйн эрхэнд мэдээ алдуулалт хийхгүйгээр шууд үе мөч тайрдаг байсан гэжээ. 

Америкчууд үүнийгээ зөвтгөж, Иракийн ард түмнийг чөлөөлж байна гэж байсан. Хэрэг дээрээ тэд хүний эрхийг уландаа гишгэж, Иракийн ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хүмүүсийг амьдрах нөхцөлгүй болгосон. Америкийн түрэмгийллийг гай гамшгийг Иракийн ард түмэн өнөө болтол амссаар байна. Ирак хүмүүс ингэж хилэгнэж, зүхэж байна. 

Фаллуджа хотын түрэмгийллийг хорин жилийн өмнө нүдээрээ харсан тус хотын иргэн   Абдул Рахман хэлэхдээ, Америкийн цэрэг тухай үед хэвлэл мэдээлэлд чанга хяналт тавьж, энгийн иргэдийг хохироож байгаа тухай огт дурдаагүй. 

Фаллуджад явуулсан аймшигт яргалал дуусаад 20 жил болсон ч Америк түрэмгийллийн гэмт хэрэгтээ уучлал гуйгаагүй, нөхөн төлбөр төлөөгүй. Америкчууд цагаан фосфорын бөмбөг, ханасан ураны бөмбөгийг өөр бусад орон, өөр бүс нутагт хэрэглэсээр ирсэн юм. Эдгээр харгис түрэмгийллээс Америкийн зэвсгийн үйлдвэрийнхэн ашиг хүртсээр байгаа юм.