Хятад Австралийн харилцаа хэрхэн хуучнаа давтахгүйгээр урагшлах вэ?
2024-03-22 09:40:02
Share
Share this with Close
youtube WeChat

Австралийн Ассошиэйтед Пресс агентлаг Хятад Австралийн дипломат харилцаа хийгээд стратегийн долоо дахь шатны яриа хэлэлцээний талаар дүгнэхдээ, ”хулсны баавгайгаас авахуулаад гаалийн тариф зэрэг бүхий л асуудал Хятад, Австралийн Гадаад харилцааны сайд нар илэн далангүй хэлэлцэх ширээн дээр тавигдсан юм" гэж тэмдэглэжээ. Энэ нь, Хятад Австралийн харилцаа үргэлжлэн сайжирч, хөгжиж буйг нэг талаар нотолж байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-гийн 3 дугаар сард Австралид хийсэн энэ айлчлал Хятад, Австралийн харилцаа “дулаарах"-ыг цаашид ахиулна гэж гаднынхан үзэж байна.

Энэ онд, Хятад Австрали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд уруудаж өгссөн үе байсан. Учир нь Австралийн хуучин засгийн газар АНУ Хятадыг хязгаарлахын “хошууч” нь болж, Хятадын талаар буруу бодлого явуулснаас үүдэн 2018 оноос хойш Хятад, Австралийн харилцаа муудсан юм. 2022 оны 5 дугаар сард, Австралийн одоогийн Хөдөлмөрийн намын засгийн газар төр барьсны дараа Хятад улсад хандсан бодлогоо дахин засаж залруулснаар Хятад, Австралийн харилцаа сайн тал руугаа эргэж эхлэв. 2022 оны 11 дүгээр сард, Хятад улсын дарга Ши Жиньпин G20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Австралийн ерөнхий сайд Энтони Албанезтай уулзаж, хоёр орны харилцааг сайжруулах талаар улс төрийн чухал нийтлэг ойлголтод хүрсэн. 2023 оны 11 дүгээр сард Энтони Албанез Хятадад айлчилсан. Энэ нь Австралийн ерөнхий сайд долоон жилийн дараа Хятадад айлчилсан явдал байлаа.

Австралийн хэвлэлүүд мэдээлэхдээ, Ван И-гийн Австралид хийсэн айлчлал нь хоёр орны харилцаа олон жил мухардмал байдалд орсны дараа сэргэн сайжирч байгаагийн шинэ шинж тэмдэг гэжээ. Австралид хийсэн айлчлалын хүрээнд хоёр тал олон уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн харилцааны хөгжлийн туршлага, сургамжийг Хятад улс нэгтгэн дүгнэж, одоо Хятад, Австралийн харилцаа зөв замдаа орсон тул эргэлзэлгүй, ухрахгүйгээр тууштай урагшлах ёстой гэж цохон тэмдэглэв. Австрали, Хятадын харилцааг санал зөрөлдөөнөөр тодорхойлж болохгүй, аль болох хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг олох хэрэгтэй гэж Австралийн тал тэмдэглэжээ.

Шинжээчид "Олон улсын тойм”буланд онцлон тэмдэглэхдээ, Австрали Хятадтай хамтдаа амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол "АНУ-ыг дагаж, Хятадыг хязгаарлах" стратегиаүндсээр нь өөрчилж, энэ үндсэн дээр хоёр орны харилцааг өндөр түвшинд ахиулах ёстой. Хятад, Австралийн харилцаа буцаж ухрахгүй гэвэл гурван чиглэлээр шаргуу ажиллах хэрэгтэй гэв. Тухайлбал:

Нэгдүгээрт, харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Ялангуяа, Австрали Хятадын язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэх ёстой. Энэ удаагийн айлчлалын үеэр Хятад улс Тайвань, Хонконг, Шиньжян, Төвөд, Өмнөд тэнгис зэрэг асуудлаар зарчмын байр сууриа тодорхой илэрхийлэв. Энтони Албанез ерөнхий сайд онцлохдоо, нэг Хятадын бодлогыг Австрали ямагт баримталж ирсэн, энэ бол Австралийн хоёр намын нийтлэг ойлголт бөгөөд цаашид ч баримтлах болно гэжээ.

Гэвч үүнтэй зэрэгцэн Хятад, Австралийн харилцаа “сэргэн дулаарах”-ын дунд хүйтрэл мөн байсаар байгааг хүмүүс харж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 8 дугаар сард Австрали, Филиппин хоёр анх удаа Өмнөд тэнгист хамтарсан цэргийн сургуулилт хийсэн бол энэ оны 3 дугаар сарын эхээр Австрали АСЕАН-тай хийсэн тусгай дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд тэнгисийн асуудлыг хөөрөгдсөн юм. Энэ нь хоёр орны харилцааны хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь илт. Харилцан нөгөө талынхаа язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй том чухал асуудлыг хүндэтгэж байж хоёр орны харилцаа тогтвортой, урт хугацааны хөгжилд хүрэх болно.

 Үүнээс гадна Хятад, Австралийн харилцааны хөгжилд бие даан эзэн мэдэх нь эрхэм юм. Австрали бол АНУ-ын холбоотон, Хятадын түнш, нэн ч бүрэн эрхт улс. Хятад, Австралийн харилцааны хөгжил нь гуравдагч талд чиглээгүй, үүнд гуравдагч тал нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж Хятад улс онцолжээ. Үүнийг шинжээчид Австралид өгсөн "үнэнч зөвлөгөө" гэж үзэж байна.

 АНУ, Их Британи, Австралийн байгуулсан "Окус"-ыг жишээ болгон авч үзье. Энэ бол хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталдаг жирийн жижиг тойрог юм. Цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа гэгч нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг алдагдуулах юм. Хятад болон бүс нутгийн олон орон үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Австрали улс томоохон гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөнд гар хөл болж, аюулгүй байдлын асуудалд санаа тавихын оронд бодит хамтын ажиллагаагаар өөрийн орны ард түмэн болон бүс нутагтаа ашиг тус бүтээсэн нь дээр юм.

Хятад, Австралийн харилцааны хөгжилд эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол хамгийн идэвхтэй, эрчимтэй хөдөлгөгч хүч юм. Хятад улс 15 жил дараалан Австралийн хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Австралийн хамгийн том экспортын зорилтот газар, импортын хамгийн том эх үүсвэр юм. Хоёр орны улс төрийн харилцаа сайжирснаар Хятад, Австралийн худалдаа жигдэрч байна. Австралийн статистик мэдээгээр, Хятад, Австралийн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 2023 онд 300 тэрбум гаруй австрали долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувь өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Австралийн нүүрс, модон материал, арвай, өвс болон бусад бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд эргэн иржээ. Дарвин боомт дахь Хятадын компаниудын арилжааны түрээс Австралийн үнэлгээг давж, хоёр улс Австралийн дарсыг Хятад руу экспортлох худалдааны маргааныг зөв зохистой шийдвэрлэх талаар зарчмын нийтлэг ойлголтод хүрчээ.

Өдгөө Хятад улс Хятад маягийн шинэчлэлийг бүх талаар ахиулж байгаа нь Австрали зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломж олгож байна. Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2024 оны 1 дүгээр сард Австралийн Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт 186.1 хувь нэмэгдсэн нь Австралийн бизнесийн хүрээнийхэн Хятадын ирээдүйн хөгжилд итгэлтэй байгааг харуулж байна. Энэ удаад бизнес, стратеги зэрэг нийгмийн олон салбарын хүмүүс Хятадын талтай хэлэлцээ хийх үеэрээ уламжлалт салбараас гадна Хятадтай ногоон хөгжил, технологийн шинэчлэл зэрэг хамтын ажиллагааны шинэ боломжуудыг идэвхтэй судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Уртнасан