Цөлжилтийн эсрэг Хятад Монголын хамтын ажиллагаанд ахиц гарав
2024-03-28 10:30:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Монголын “Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв” болон загвар бааз байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн бичиг солилцох, гарын үсэг зурах ёслол Монгол Улсын Сангийн яаманд болов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нар тухайн баримт бичигт гарын үсэг зурав.

Энэ үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ: Монгол Хятад хоёр орон бол сайн хөрш, сайн түнш, сайн анд бөгөөд харилцан дэмжилцэж, харилцан туслалцдаг найрсаг уламжлалтай юм. Хятадын тал урт хугацааны турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож Монгол улсын эдийн засаг нийгмийн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаад Монголын тал талархаж байна. Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагаа бол хоёр орны төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд Монгол улсын “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтэд ихээхэн үр нөлөөтэй юм. Хятадын талтай төслийн бүтээн байгуулалтыг урагш ахиулж, хоёр орон хийгээд тус бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэх, ногоон хөгжлийн төлөө хүч хавсрах, энэ онд тохиож буй Монгол Хятадын дипломат харилцааны 75 жилийн ойг энэхүү харилцаагаараа илүү баялаг үр дүнд хүргэхэд Монголын тал бэлэн байна гэв.

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань, "Уур амьсгалын өөрчлөлт бол олон улсын хамтын нийгэмлэгт тулгарсан хүндхэн сорилт юм. Ши Жиньпин даргын экологийн соёлын үзэл санаа, У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн дурдсан “Тэрбум мод” хөтөлбөр маш нийцтэй. Энэ нь ард түмний төлөөх засаглалын үзэл ойлголтын илэрхийлэл бөгөөд хоёр орны ард түмний алс хэтийн төдийгүй, язгуур ашиг тусад тустай юм. Монголын талтай хамтдаа хичээн чармайж, Хятад, Монголын “Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв” болон загвар баазыг эртхэн бодит ахицад хүргэж, хоёр орны ард түмэнд бодит ашиг тус бүтээж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад эерэг хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэв.