"Миний ирээдүй энд байгаа" гэж АНУ-ын Брукингсийн хүрээлэнгийн ахлах судлаач Кристофер Томас энэ оны Боаогийн Азийн чуулга уулзалтын үеэр ийм үг хэлж билээ. Тэрээр олон оронд амьдарч байсан бөгөөд одоо Хятадад амьдарч байна. Олон жилийн турш Хятадын хөгжлийн эрч хүч, нээлттэй, найрсаг таатай орчин нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ.
Энэ оны чуулганд дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн улс төрийн, бизнесийн, судалгааны салбаруудын 2000 шахам төлөөлөгч оролцов. Дөрвөн хоног үргэлжилсэн чуулганд оролцогчид "Ази ба дэлхий: хамтын сорилт, нийтлэг хариуцлага" сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, "Эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжилийг дэмжье" Азийн уриалга гаргажээ. Эдгээрийн дотор Хятадын эерэг үүрэг оролцоог талууд өндгөөр үнэлж байна.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад, орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Бабаев сэтгүүлчдэд хэлэхдээ, ээдрээн будлиантай сорилтуудын өмнө Ази, тэр дундаа Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн хөдөлгүүр хүчин болж байна. Эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил аль алийг дайчилж, гэрэлт ирээдүй руу тэмүүлж байна гэжээ.
Ийм итгэл хаанаас ирсэн вэ? "Хятад улс супер том зах зээлтэй", "Хятад улс дээд түвшний нээлттэй байдлаа тэлж байна", "Хятад улс аж үйлдвэрийн систем, чадварлаг боловсон хүчин, инновацийн хувьд давуу талтай"... чуулганы үеэр олон оролцогчид Хятадын эдийн засаг хүчирхэг, уян хатан, нөөц хүчинтэй төдийгүй шинэ хөгжлийн боломжийг агуулж байна гэдгийг онцолжээ. Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Хятадын эдийн засаг маш сайн хөгжлийн хурдаа хадгалж, дэлхийд томоохон үр нөлөө үзүүлнэ гэж бодож байна" гэжээ.
Одоогийн байдлаар, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин нь Хятадын эдийн засгийн гол сэдэв болоод байна. Хятадын дээд технологийн аж үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт олон жил дараалан хоёр оронтой тоогоор өсөж, 400 мянга орчим дээд технологийн аж ахуйн нэгж байгааг тоо баримт харуулж байна. Тэдгээрийн дотор шинэ эрчим хүчний автомашин, лити батерей, нарны зайн бүтээгдэхүүний экспорт хурдацтай өссөн бөгөөд дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж, 5G хэрэглэгчдийн ашиглалтын түвшин 50%-иас давжээ.
Чуулганы үеэр зочид төлөөлөгчдийн дунд “шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” сэдвээр халуун яриа өрнүүлэв. Туркээс Хятадад суугаа Элчин сайд Мусса хэлэхдээ, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин гэдэг нь Хятад улс дэлхийн өнөөгийн сорилтыг даван туулж, ирээдүйг илүү сайнаар харж үзэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварт бэлтгэж байна гэсэн үг юм гэжээ. Хятадад дэхь "Мерк" группийн ерөнхий захирал Марк Хорн сэтгүүлчдэд хэлэхдээ, жил бүр болдог энэхүү чуулганаар Хятадын хиймэл оюун ухаан, дижитал зэрэг салбарын өндөр чанартай хөгжлийг бодитоор мэдэрдаг. Энэ нь бидэнд маш их урам зориг өгч, ирээдүйд хувь нэмрээ оруулах боломжтой салбар гэж боддог.
Холбогдох тоо баримтаас үзвэл, Хятад улс ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон амьдрал зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалтыг бүрдүүлсэн төдийгүй түүний хөгжүүлсэн хөрөнгө оруулалт, хэрэглээний зах зээл жил бүр 10 их наяд юаньд хүрч байна. Үүгээр барахгүй сүүлийн үеийн тоо баримтаас харахад, Хятадад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл 34.9%-иар нэмэгдсэн. Саяхан өндөрлөсөн Хятадын хөгжлийн дээд түвшний форумын үеэр, үндэстэн дамнасан компаниудын удирдлагууд Хятадын зах зээлийн хэтийн төлвийг өөдрөгөөр харж, Хятад улсыг үргэлжлүүлэн судална гэдгээ илэрхийлж байв. Хятадын Deloitte компанийн дэд захирал Лю Минхуа хэлэхдээ, Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа цаашид тэлж, дотоодын зах зээл болон гадаадын хөрөнгө оруулалт хоорондын "хоёр талдаа чиглэсэн" байдлыг ахиулсаар байна. Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь бусад орнуудад зах зээл, хамтын ажиллагааны асар их боломжийг олгож, дэлхийн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Инноваци, ногоон, нээлттэй, хуваалцсан – Хятад улсаас хүмүүс иймэрхүү ирээдүйг олж харч болно. "Энэ нь Хятадын төдийгүй Ази, дэлхийн ирээдүй юм" гэж Пакистаны үндэсний телевизийн мэдээний захирал Мир Салем Хан Жагсай хэлсэн юм.