Хүнсний ногоо тарих, ургуулах арга ажиллагаа, технологи, дэвшлээ хуваалцах олон улсын яармагийг Хятад улс 25 дахь жилдээ зохион байгууллаа. Шөгуан хотод энэ сарын 20-нд нээлтээ хийсэн тус арга хэмжээ ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхсон улс орон, хувь хүмүүст нээлттэй юм байна.
Энэ жил “Ногоон хөгжил, дэвшилтэт технологи, ирээдүйн чанар” уриан дор болж буй энэхүү яармагт 2600 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, тариалах аргазүйн 100 гаруй шинэ технологийг танилцуулжээ. 450 мянган ам метр талбайг хамарсан олон улсын энэхүү томоохон үзэсгэлэнд хүнсний ногооны шинэлэг төрөл зүйлс, дээд чанарын үр, тариалангийн багаж хэрэгсэл, машин механизм, дэвшилтэт технологиос гадна сонирхогчдын анхаарлыг татах дээд амжилтуудын баталгаа болсон бодит ургацыг ч дэлгэн үзүүлж байгаа юм. Тухайлбал, хагас тонн гаруй жинтэй асар том наньгуа, ганцхан модноос гурван тонн ургац авдаг улаан лоолийн сорт, жилд 600 кг-ын ургац өгдөг чихэрлэг төмс зэргийг нүдээр үзэж гараар барихын зэрэгцээ амталж, судалж болох ажээ. 2000 оноос Шөгуаны хүнсний ногооны олон улсын технологи, аргазүйн яармагийг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 30 сая гаруй хүн уг үзэсгэлэнтэй танилцаж, туршлага мэдээллээ солилцож, хэрэгцээт худалдан авалтаа хийж, хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг олноор байгуулжээ.