Гоёмсог машины цуваа, тансаг ширээ, сүр жавхлантай талбайд сүртэй нижгэр хурим хийх нь Хятад залуусын мөрөөдөл байсан цаг саяхан. Гэвч залуусын хандлага өөрчлөгдөж, тэд энгийн, өвөрмөц, чөлөөтэй, бас минималист хурим сонгох болжээ. Өмнө нь олон ширээ засаж, олон хүн урьдаг байсан бол өнөө ойр дотнын найзууд, гэр бүлийнхэн нь уригдаж, хуримаа цомхон хийдэг болсон байна.
Ши Ань хотын бүсгүй Жи Я хуримын зургаа гар утсаар авсан байна. Уг нь хуримын зургаа өндөр үнээр захиалж, их мөнгө зардаг уламжлалтай. Жи Я энгийн цагаан даашинз өмсөж, нийтийн эзэмшлийн талбайд цэцэгт хананы өмнө нөхөртэйгээ зургаа авахуулсан байлаа. Гар утсаар үнэгүй зураг авахуулжээ. Сүүлийн үед ийм энгийн, бас хэмнэлттэй хандлага дэлгэрч байна.
Санал асуулгаар, залуусын 48.8 хувь мөрөөдлийн хуримын ёслол бол “энгийн хэрнээ өөрийгөө илэрхийлж чадахуйц байх” гэж үзсэн байна. Санал асуулгад оролцогсдын 21.3 хувь “уламжлалт, өргөн дэлгэр хурим хийх ёстой" гэж боддог хэвээр байгаа аж. Хуримын ёслол зохион байгуулагч Яан Ян "Захиалгаас харвал залуус энгийн ёслол сонгох болсон. Архи барих уламжлалд ч дуртай биш болсон байна. Өөр нэг анзаарагдсан юм гэвэл тэд хүмүүст гайхуулж, хүмүүсийг баясгахаас илүүтэй өөрөөрөө байх, өөрийгөө баярлуулах хандлагатай болсон" гэжээ.