Муур нохойд зориулсан тэрэг хүүхдийн тэрэгнээс олон зарагджээ
2024-06-17 12:46:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөд Солонгост төрөлт багасч, 0.72 болж түүхэн доод түвшинд хүрээд байна. Ийнхүү гурван жил дараалж төрөлтийн тоогоор дэлхийд хамгийн доогуур орсон юм. БНСУ-ын засгийн газар нярай хүүхдэд өндөр хангамж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон ч төрөлтийг нэмэгдүүлж чадахгүй л байна. 

Төрөлт буурч байна. Гэтэл эсрэгээр муур, нохой, шувуу тэжээдэг хүмүүс нэмэгдэж байна. Энэ хэрээр амьтдын хоол, тэдэнд зориулсан тусгай тоноглол, тэрэг, эмнэлгийн үйлчилгээ тэлж хүүхдэд зриулсан бүтээгдэхүүний зах зээлийг гүйцэж эхэлжээ. 

Gmarket цахим худалдааны платформын тоо баримтаас “Korea Times” сонин иш татан мэдээлснээр, эхний таван сарын байдлаар тэжээвэр амьтдын хоол, хүүхдийн сүүний борлуулалтыг харьцуулахад 69 хувь нь тэжээвэр амьтдын бараа бүтээгдэхүүн байна. 2023 оны эхний гурван улиралд Gmarket цахим худалдааны платформын хүүхдийн тэрэгний борлуулалтыг харахад, 43 хувь нь хүүхдийнх, 57 хувь нь муур, нохойд зориулсан байжээ. Тэжээвэр амьтдад зориулсан тэрэгний борлуулалт нь анх удаа хүүхдийн тэрэгний борлуулалтыг давсан байна. 

Өмнөд Солонгосын тэжээвэр амьтдад зориулсан арчилгааны бүтээгдэхүүний зах зээл  хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүнийг хэмжээгээрээ давах хандлага гарч байна. Өмнөд Солонгост тэжээвэр амьтдын зах зээл 2027 он гэхэд 6 их наяд вон буюу 31 тэрбум 560 сая доллар хүрнэ гэж тооцоолж байна.