Хятад, Казахстаны "Мөнхийн" түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч сэлбэж байна
2024-07-04 13:59:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс гадаад харилцааныхаа хувьд Казахстантай "Мөнхийн иж бүрэн стратегийн түнш" юм. Энэхүү өвөрмөц байр суурь нь хөрш зэргэлдээ орнуудын жаргал зовлонгоо хамтатгах, харилцан ашигтай, хамтдаа хожих харилцааны үлгэр жишээ болсон юм. Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн Торгоны замын найрамдал, дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хуримтлуулсан хамтын ажиллагааны үр дүнд хоёр тал мөнхийн нөхөрлөл, өндөр түвшинд харилцан итгэлцсэн Хятад Казахстаны хувь заяаны цогц нэгдлийг байгуулах алсын хараанд хүрсэн юм.

Долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстанд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар үр дүнтэй хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор мөнхийн нөхөрлөл, харилцан итгэлцэл, эв нэгдэл, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх хувь заяаны цогц нэгдлийг цаашид ахиулна гэж илэрхийлжээ. Хоёр тал мөн хоёр талын хамтын ажиллагааны олон арван баримт бичигт гарын үсэг зурж, Хятад, Казахстаны харилцааны өндөр чанартай хөгжилд шинэ түлхэц өгсөн юм.

Өдгөө Хятад улс Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг эрчимтэй ахиулж, Казахстан ч мөн хурдацтай хөгжиж буй "Шинэ Казахстан"-ыг байгуулж байна. Хятадын "Бүс ба Зам" санаачилга нь Казахстаны "Шударга Казахстан" эдийн засгийн бодлоготой гүнзгий уяалдаж байна.

Улс төрийн харилцан итгэлцэл бол Хятад Казахстаны хамтын ажиллагааны үндэс юм. Хятад улс бол Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг юм. Ши Жиньпин, Касым Жомарт Токаев нарын энэ удаагийн уулзалтаар "бие биенийхээ язгуур ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжих эрс шийдэмгий" гэсэн дөрвөн "шийдэмгий" байхыг дахин нотлов. Ерөнхийлөгч Токаев Хятад улс Казахстаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгаад талархаж, Нэг Хятадын зарчмыг тууштай баримтлахаа илэрхийллээ.

Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Казахстаны харилцааны хөдөлгөгч хүч юм. Хятад улс бол Казахстаны худалдааны хамгийн том түнш бөгөөд Казахстанд "Бүс ба Зам" санаачилгыг  хамтран байгуулахыг анх дурдаж байсан юм. Хоёр тал иж бүрэн, гурван хэмжээст харилцан холболтын сүлжээг байгуулж, шинэ эрчим хүч, их өгөгдөл, хил дамнасан цахим худалдаа зэрэг хамтын ажиллагааны шинэ салбаруудад онцлох олон зүйл бий. Казахстаны олон зуун мянган өрхийн өдөр тутмын цахилгааны хэрэгцээг хангадаг “Занатас” салхин цахилгаан станцын төслийг жишээ болгон авч үзэхэд нутгийн иргэд “Оршин суугчид шинэ ажлын байртай болж, санхүү нь шинэ татвартай болж, хот нь шинэ эрч хүчтэй болж байна” гэсэн үнэлгээ өглөө.

Энэ удаад Хятад Казахстаны хамтын ажиллагаа шинэ чиг хандлага, шинэ зорилттой болж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар цахим хэлбэрээр Хятад-Европыг холбосон Каспийн тэнгис дамнасан шуурхай ачаа тээврийн шугамын  нээлтийн ёслолд оролцов. Хятадын тээврийн хэрэгсэл анх удаа шууд авто тээврээр Каспийн тэнгисийн эрэг дагуух боомтуудад хүрч ирсэн нь олон хэмжээст харилцан холболтын хэв маягийг албан ёсоор бий болгосныг харуулж байна. "Хоёр талын худалдааны хэмжээг аль болох түргэнээр хоёр дахин хүртэл нэмэгдүүлэх" гэсэн зорилт нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.

Найрсаг хотуудын тоо 26 хос болж, хоёр орны иргэдийн солилцоо нэмэгдсэнээр Хятад, Казахстаны ард түмэн, соёлын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй гүнзгийрсээр байна. Ши Жиньпин Казахстанд айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр орны соёлын төв болон Бээжингийн Хэл, соёлын их сургуулийн Казахстан дахь салбарын нээлтийн ёслолд хамт оролцов. Хятад улс мөн Казахстанд Лубаны хоёр дахь салбарыг нээж, ирэх онд "Хятадын аялал жуулчлалын жил"-ийг Казахстанд зохион байгуулахаар шийджээ. Энэ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам ахиулж, Хятад, Казахстаны мөнхийн найрамдлыг ард түмний зүрх сэтгэлд гүнзгий суулгах болно.

Хятад, Казахстан хоёр орон НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хятад-Төв Азийн механизм болон бусад механизмын хүрээнд нягт хамтран ажиллаж, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлэхийг хичээж байна. Энэ удаад хоёр орны төрийн тэргүүн нар олон талт байгууллагуудын хүрээнд нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, хөгжлийг илүү сайн хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг бататгана гэдгээ онцоллоо. Хятад улс Казахстаныг БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй. Хэрэв хэрэгжвэл Казахстан олон улсын тавцанд "Дунд зэргийн хүчирхэг гүрэн"-ийн үүргийг илүү сайн гүйцэтгэж, дэлхийн засаглалд зохих хувь нэмрээ оруулж, БРИКС-ийн хамтын ажиллагааг илүү төлөөлөх чанартай болгоно гэж шинжээчид онцолжээ.