Гар хөл нь мэдээгүй болоод 14 жил болж буй Ян овогт ноднингийн аравдугаар сарын 24-нд Бээжингийн Шюань-Ү эмнэлэгт дэлхийн анхны “Neural Electronic Opportunity (NEO)” мэдрэлийн имплантыг хүний тархинд суулгах дэлхийн анхны утасгүй дурангийн мэс засал хийлгэв. Эмнэлзүйн туршилтын мэс засал амжилттай болж, Ян овогт эмнэлэгт 10 хоног хэвтээд гэртээ харьсан юм.
Өдгөө тэрээр өөрөө аягаа барьж ус уух болсон бөгөөд NEO технологийг боловсруулсан Чинхуа их сургуулийн профессор Хүн Бө-гийн хамт ССТV-ийн "VOICE" нэвтрүүлэгт зочилж, сэтгэгдлээ хуваалцсан юм. Ярилцлагын нэвтрүүлэг зургадугаар сарын 15-нд цацагджээ.
Мэс заслын дараа тархины долгионыг нь тасралтгүй хүлээн авч, кодыг нь тайлан орчуулсны дүнд робот бээлий ашиглан юм атгах болжээ. Түүний дараа их удаагүйгээр арваад жил мэдрэлгүй байсан гар нь халуун дулааны мэдрэмжтэй болсон бөгөөд анх удаа ачаа тэвэрсэндээ өвчтөн олзуурхаж байлаа.
Телевизийн нэвтрүүлгийн үеэр Ян овогтны эмнэлзүйн туршилтын тэмдэглэлийг анх ил болгосон бөгөөд уг техник нь мэдрэлийн имплантыг гавлын яс болон тархины бор гадаргын хоорондох тархины хатуу бүрхүүл дээр байрлуулсан тул тархины эсийг гэмтээхгүй, байнгын ажиллах боломжтой гэдгийг профессор Хүн Бө онцлов.