Макрон Ерөнхий сайд Атталын огцрох хүсэлтийг хүлээн авлаа
2024-07-17 09:57:09
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр, 16-ны өдөр Ерөнхий сайд Габриэль Атталын огцрох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд шинэ засгийн газар байгуулагдах хүртэл өдөр тутмын ажлыг үргэлжлүүлэн зохицуулж байхыг Атталын засгийн газраас хүссэн гэж Францын ерөнхийлөгчийн ордон мөн өдөр мэдэгдэл хийв. 

Францын үндсэн хууль болон хууль тогтоомжид ерөнхийлөгч ерөнхий сайдыг томилох цаг хугацааны талаар холбогдох заалт байхгүй. Ерөнхийлөгчийн ордны мэдэгдэлд, шилжилтийн үеийг аль болох хурдан дуусгахын тулд нам бүлгүүд нэгдсэн холбоо байгуулж хамтран ажиллахыг уриалжээ. Макрон өмнө нь гол нам бүлгүүд яриа хэлэлцээнд оролцохыг нээлттэй захидалдаа уриалж байсан бөгөөд нийтлэг зөвшилцлийн үндсэн дээр шинэ Ерөнхий сайдыг томилно гэдгээ илэрхийлсэн байна. 

Энэ сарын 7-нд Францад Үндэсний ассамблейн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болсон. Францын улс төрийн уламжлалаар Үндэсний ассамблейн сонгуулийн дараа сонгуулийн үр дүнгээс үл хамааран Ерөнхий сайд огцрох өргөдлөө Ерөнхийлөгчид өргөн барих ёстой. 8-ны өдөр Габриэль Аттал огцрох өргөдлөө Макронд өргөн барьсан ч "улс орны тогтвортой байдлыг хангах" үүднээс албан тушаалдаа түр үлдэхийг хүссэн байна.