Парисын олимпын "гүйлт"-ийн спортод хүч сорих хүргэлтийн ажилтан
2024-07-22 12:04:18
Share
Share this with Close
youtube WeChat

Удахгүй болох 2024 оны Парисын олимпийн үеэр олон нийтэд зориулсан марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулах бөгөөд энэ нь Олимпийн түүхэнд анхны тохиолдол юм. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны 800 мянга гаруй хүн бүртгүүлсэн бол эцэст нь 40 мянга гаруй хүн "сугалаагаар" дамжуулж эрхээ баталгаажуулав. Тэдний нэг нь Бээжингийн буухиа хүргэлтийн ажилтан Луан Юйшуай болно.

Луан Юйшуай Хятадын зүүн хойдын уулархаг нутагт төрж өссөн бөгөөд багаасаа спортын ер бусын авьяасаа харуулсан. Орон нутгийн бага ангийн спортын наадамд тэрээр гүйлтийн найман төрөлд түрүүлж байжээ. Хожим нь том болоод рестораны зөөгч, барилгын ажилчин, жижиг наймаа хүртэл хийж байсан  тэрээр 2015 онд Бээжинд ирж, цахим худалдааны хүргэлтийн ажилтан болсон юм.

2017 онд Луан Юйшуай анх удаа марафон тэмцээнд оролцжээ. Санамсаргүй тохиолдлоор нэгэн үйлчлүүлэгч түүний марафонд оролцож буйг мэдээд түүнийг гүйлтийн клубт элсүүлэхийг зөвлөж, Луан Юйшуай ийнхүү мэргэжлийн сургалтад хамрагджээ.

Хоёр жил бэлтгэл хийсний дараа Луан Юйшуай Хятадын нэгдүгээр зэрэглэлийн тамирчны хэмжээнд хүрсэн юм. Түүний марафон гүйлтийн хувийн дээд амжилт нь 2 цаг 25 минут 55 секунд юм. 2021 оны Бээжингийн хагас марафонд Луан Юйшуай "мэргэжлийн бус гүйгчдээс тэргүүн байр" хүртжээ. 

Өнөөг хүртэл Луан Юйшуай 40 гаруй марафонд оролцсон нь Парисын олимпод бүртгүүлэх итгэлийг төрүүлсэн юм. 

2021 онд тэрээр Парисын олимпийн үеэр олон нийтийн марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулна гэсэн мэдээллийг санамсаргүй олж харжээ. Дүрэм журмын дагуу бүртгүүлэх тоглогчид спортын программ хангамжийг холбож, явган аялал, гүйлт, дугуй унах, усанд сэлэх, цанаар гулгах болон бусад төрлийн спорт хийх арга замаар 2023 оны эцэс гэхэд 100 мянган оноо авах шаардлагатай.

"1 километр явган алхахад 5 оноо, 1 километр гүйхэд 10 оноотой. Спортын өөр өөр төрөл нь өөр өөр оноотой байдаг. Өдөр тутмын ажлын хэмжээ, дээр нь орой бүр хоёр цаг бэлтгэл хийж байгаагаас үзэхэд 100 мянган оноо гэдэг нь тийм ч хэцүү биш" гэж Луан Юйшуай хэлж байлаа. 

Оноо авах нь хүч чадал, шаргуу хөдөлмөрөөс хамаардаг бол сугалаанд хожих нь бүхэлдээ азаас хамаарна. Луан Юйшуай сугалаанд хожсоноо мэдсэнийхээ дараа Парисын олимпийг зохион байгуулах хороонд захидал илгээж, олимпийн дэвжээнд гүйлтийн тамирчин болж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлжээ. "Урьд нь бид олимпыг зурагтаар хардаг байсан. Хэзээ нэгэн цагт өөрөө "гүйж" оролцоно гэдгийг хэн санах билээ!"