Ван И, Дмитро Кулеба нар хэлэлцээ хийв
2024-07-24 16:28:13
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 7-р сарын 24-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Гуанжөүд Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай хэлэлцээ хийв. 

Ван И хэлэхдээ, Хятад, Украин бол найрсаг харилцаатай орон бөгөөд хоёр талын харилцааны явцад хуримтлуулсан зүйл бол найрамдал, хамтын ажиллагаа юм. Хоёр улс арав гаруй жилийн өмнө стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд харилцан бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа урагшилсаар байна. Хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, төлөвлөж, Хятад, Украины харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг ахиулах ёстой гэж хоёр орны төрийн тэргүүн цохон тэмдэглэсэн юм. Бид энэ зарчмыг баримталж, харилцаа холбоо, солилцоогоо хадгалж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, ард түмний найрамдлыг ахиулж, Хятад, Украины харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг дэмжих ёстой гэжээ. 

Дмитро Кулеба хэлэхдээ, Хятад бол агуу орон. Украин, Хятад хоёр улс стратегийн түнш, эдийн засаг худалдааны чухал түнш юм. Украин Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг дэмжиж, нэг Хятадын бодлогыг баримталсаар байх болно. Украины тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтаар хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ах дүү хотуудын солилцоог бэхжүүлэхийг хүсэж байна. Хятад улс энх тайвныг дэмжих, олон улсын дэг журмыг сахиулах үйлсэд үзүүлсэн эерэг, бүтээлч үүргийг Украин өндрөөр үнэлж байна. Хятадын санал санаачилгыг Украин дээд зэргээр чухалчилж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар Хятад, Бразилийн тохиролцсон "6 зүйлт нийтлэг олйголт"-ийг сайтар судалсан. Украин Оростой яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна. Мэдээж зөвшилцөл нь шударга бөгөөд тогтвортой энх тайванд хүрэхэд чиглэсэн ухаалаг, бодитой байх ёстой гэжээ. 

Мөн хоёр тал харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.