Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Мэдээллийн дагуу, Хойд Солонгос саяхан БНАСАУ-ын эх орноо чөлөөлөх дайны ялалтын 71 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулж, Хойд Солонгост суугаа Орос, Вьетнам, Куба зэрэг орны элчин сайд нар арга хэмжээнд оролцсон боловч Хятадаас Хойд Солонгост суугаа элчин сайд оролцоогүй. Энэ нь Хятад Хойд Солонгосын харилцаанд ямар нэгэн асуудал гарсны илрэл, Хятад, Орос хоёр орон Хойд Солонгостой байх харилцаанд өрсөлдөж байна гэж зарим хүмүүс үзэж байна. Хятадын тал энэ асуудлаар ямар байр суурьтай вэ?
Линь Жянь хэлэхдээ, энэ онд БНАСАУ-ын эх орноо чөлөөлөх дайны ялалтын 71 жилийн ой юм. Одоогоос 71 жилийн өмнө Хятадын Ардын сайн дурын цэрэг Солонгосын ард түмэн, цэрэг армитай мөр зэрэгцэн тулалдаж, АНУ-ын түрэмгийллийн эсрэг, Солонгост туслах дайн болон БНАСАУ-ын эх орноо чөлөөлөх дайнд томоохон ялалт байгуулсан юм. Энэ үйл явцад Хятад Хойд Солонгосын хоёр тал ариун цусаа асгаруулан байж, уламжлалт нөхөрлөлийг бататгасан. Олон улсын болон бүс нутгийн байдалд томоохон өөрчлөлт гарсан хэдий ч Хятад, Хойд Солонгосын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг чухалчилж, хөгжүүлэх тухай Хятадын нам, засгийн газрын тууштай байр суурь өөрчлөгдөөгүй юм гэжээ.