Шаанши мужийн Ханьжүн хотын Чэнгү сянийн нэгэн шохойн чулууны агуйгаас саяхан хулсны баавгайн чулуужмал илрүүлжээ. Газар дээр нь цуглуулга хийж буй мэдээллээс харахад, гавлын ясны чулуужмалын 90-ээс дээш хувийг олсон бөгөөд бусад араг ясны чулуужмалын 70 хувь нь бүтэн олджээ. Мэргэжилтний урьдчилсан магадлалаар, одоогоос 200 мянгаас 10 мянган жилийн өмнөх чулуужмал болохыг тогтоожээ. Харьцангуй бүрэн бүтэн хадгалагдаж буй хулсны баавгайн чулуужмалыг Шаанши муж анх илрүүлж байгаа тул шинжлэх ухааны судалгаа хийж, мэдлэг түгээх талаар маш чухал үнэ цэнэтэй юм.
Чулуужмал Ханьжүн хотын Чэнгү сянийн 180 метр гүн агуйн шохойн чулуун индэр дээрээс олдов. Эргэн тойронд нь харанхуй чийглэг, олдворын дээрээс ус дусалсаар бөгөөд доогуур нь газар доорх голтой.
Олдворын гавлын ясны хэлбэр, шүдний бүтцийн онцлог болон араг ясны төлөвшил зэрэг байдалд суурилан, 30.2 см урт, 17.3 см бүдүүн, 21.2 см өндөртэй насанд хүрсэн эм хулсны баавгайн чулуужмал болох тухай эрдэмтэд урьдчилсан магадлал гаргасан бөгөөд бүрэн бүтэн хадгалагдсан хэмжээгээр Хятадад ховор тохиолдол хэмээн дүгнэж байна.
Хулсны баавгайн араг ясны чулуужмалыг бүрэн цуглуулсны дараа Шаанши мужийн Байгалийн нөөц баялгийн танхим мэргэжилтнүүдийг зохион байгуулж, он жил, DNA зэргийг хэмжих аргаар олдворыг цаашид хамгаалан судалгаа хийх талаар эх сурвалжид мэдээлжээ.