Ван И Лаосын Шадар сайдтай уулзав
2024-08-16 10:44:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 15-нд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Чанмай хотод Лаосын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Салемсай Коммаситтэй уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад Лаос хоёр орон бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, харилцан туслалцаж ирсэн түүхтэй. Хоёр нам, хоёр орны дээд удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт түргэсч, хоёр талын худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж, Хятад Лаосын төмөр замын тээврийн хүчин чадал шинэ дээд амжилтад хүрч, боловсон хүчний солилцоо үлэмж нэмэгдэж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа улам нягт болж байна. Лаос улс өөрийн орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхийг Хятад улс тууштай дэмжиж байгаа бөгөөд 12-р их хурлаа зарлан хуралдуулахыг тууштай дэмжиж байна. Мөн намын удирдлага, социалист чиг хандлагыг нэгтгэн, Лаос улс АСЕАН-ы ээлжит даргаар ажиллаж, олон улсын болон бүс нутгийн нөлөөг нэмэгдүүлэхийг тууштай дэмжиж ажиллана. Бид Лаостай олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Лаосын төмөр замын иж бүрэн үр өгөөжийг хүртэж, гацсан асуудлыг хамтдаа шийдэж, төмөр зам дагуух иж бүрэн хөгжлийг түргэтгэж, өөр өөрийн хөгжил, цэцэглэлтийн төлөө үйлчлэхэд бэлэн байна гэжээ. 

Салемсай Коммасит хэлэхдээ, Лаос Хятадын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Хятад улстай хамтран хэрэгжүүлж, өндөр түвшний солилцоог эрчимжүүлж, дэд бүтцийн байгуулалт, ашигт малтмал, нөөц баялаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэж, Лаос Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт нь илүү их үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд ашиг тусаа хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Хоёр тал Мьянмарын асуудлаар санал солилцов. Ван И хэлэхдээ, Мьянмар бол АСЕАН-ы гэр бүлийн гишүүн орон. АСЕАН болон Мьянмарын харилцаа холбоог бэхжүүлэхийг дэмжиж, АСЕАН-ы таван зүйлт нийтлэг ойлголтыг Мьянмарын шинэ "таван зүйлт замын зураг төсөл"-тэй нэгтгэн, бие биенээ нөхөж, харилцан дэмжиж, Мьянмарт дотоодын тогтвортой байдлаа хадгалах, улс төрийн эвлэрэлд хүрэх, ардчилсан шилжилтийн үйл явцыг сэргээхийг Хятад улс дэмжиж байна. Энэ нь АСЕАН-ы эв нэгдлийг хадгалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тустай юм гэжээ. 

Мьянмарын хойд хэсгийн энхийн хэлэлцээ болон Мьянмарын дотоод улс төрийн эвлэрэлд тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэсэнийг Саломсай өндрөөр үнэлж, Мьянмарын тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн гэдгээ онцолжээ.