Синьхуа агентлагийн мэдээ: Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 18-ны орой видео илтгэл тавьж, Украины талаас Оросын Курск муж руу дайрсан гол зорилгын нэг нь Оросын нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс байгуулах явдал юм гэжээ.
Украины армийн ерөнхий хамгаалалтын ажиллагааны өнөөгийн тэргүүлэх чиглэл бол Оросын байлдааны чадавхийг аль болох сулруулж, сөрөг довтолгооны ажиллагааг дээд зэргээр явуулах, тэр дундаа Курскийн бүс нутагт явуулж буй ажиллагааны хүрээнд Оросын нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс байгуулах явдал гэж Володимир Зеленский хэлсэн байна.
Украины арми энэ сарын 6-нд ОХУ-ын Курск муж руу довтолж, улмаар тус мужид хоёр талын хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 12-нд Оросын өмнөд хилийн байдлын асуудлаар хурал хийхдээ, хилийн бүс нутагт удаа дараа өдөөн хатгасан Украины үйлдлүүдэд Орос эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэв.