8 дугаар сарын 19-ний үүрээр Филиппиний эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша олтирогуудын Шяньбинь шүрэн хадны ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрчээ. Газар дээр нь авсан бичлэгээс харвал Филиппиний хөлөг онгоц Хятадын талын олон удаагийн анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоомсорлож, маш аюултай байдлаар Хятадын тэнгисийн цагдаагийн хөлөг онгоцыг зориуд мөргөсөн байна. Иймд Хятадын тэнгисийн цагдаагийн алба эл хэрэгт холбогдсон хууль тогтоомжийн дагуу Филиппиний хөлөг онгоцны эсрэг арга хэмжээ авч ажилласан юм.
Энэ оны 4-р сар гарснаас нааш Филиппиний тал эргийн хамгаалалтын томоохон хөлөг онгоцоо Шяньбинь шүрэн хадны ойролцоох усан хилд хууль бусаар нэвтрүүлсээр ирсэн бол энэ удаагийн зорилго нь өмнө нь хууль бусаар хайрагдсан хөлөг онгоцондоо эд материал хүргэж, урт хугацаагаар хууль бусаар орогнож, өмнөд тэнгис дэх хууль бус үйлдлээ өргөжүүлэхийн төлөө юм.
Үүнээс гадна, Филиппин тус алхмыг хийж байгаа нь дотоодын улс төрийн нөхцөл байдлаа харгалзсантай холбоотой. Одоогоор Фердинанд Маркосын засгийн газрын засаглал сул дорой байж, ялангуяа аялал жуулчлал, эдийн засгийн хөгжил тааруухан байгаа учраас дотоодын иргэдийнхээ эргэлзээнд өртөөд байгаа юм. Иймд тэд өмнөд тэнгисийн арал олтирог Хятад улсын эсрэг удаа дараагаар өдөөн хатгалга явуулж, Филиппиний улс төрчдийн анхаарал, мөн дотоодын зөрчлөө өөр тийш нь шилжүүлэн хөтлөн, өөртөө “амьсгаа авах” цаг олгохыг зэхэж байна. Олон улсын нөхцөл байдлаас үзвэл, гаднын том гүрний өдөөн хатгалга дор Филиппиний тал цэргийн түрэмгий үйлдэл хийж, тэдэнд “чин үнэнч” гэдгээ илэрхийлж, өөрийн орон дахь анхаарал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорин, том гүрний Хятадыг хязгаарлах багаж хэрэгсэл нь болжээ. Үүнтэй холбогдуулан Филиппиний зарим шинжээчид хэлэхдээ, Филиппиний засгийн газрын үйлдэл нь том гүрний мөргөлдөөнд өөрийгөө хамруулж, өөртөө түгшүүр авчирч буй хэрэг гэжээ.
Филиппиний тал Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд удаа дараа халдан, амлалтаасаа няцсаар байна. Энэ оны 6-р сарын эцсээс эхлэн тэд Хятад улстай дипломат харилцаа, эргийн хамгаалалтын чиглэлээр яриа хэлэлцээгээ бэхжүүлж, тэнгисийн нөхцөл байдлыг хамтдаа хамгаална гэж мэдэгдсэн боловч өмнөд тэнгист удаа дараа хууль бусаар халдлага хийж, гаднын хүчнийг татаж, бүс нутгийн асуудалд хөндлөнгийн оролцоо хийлгэсээр байгаа юм. Энэ нь “Өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг ноцтой зөрчсөн төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд АСЕАН-ы гүйцэтгэж буй гол үүргийг алдагдуулж, улмаар АСЕАН-ы бусад орнуудын эрх ашгийг хохироож, өөрийгөө АСЕАН-ы “этгээд орон”, энх тайван тогтвортой байдлыг “хөнөөгч” орон болгожээ.