Саяхан Тайландын Олон Нийтийн Эрүүл Мэндийн Яам хэвлэлийн бага хурал хийж, тус улсад сармагчны цэцэг өвчний Ib хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгджээ. Энэ нь ДЭМБ сармагчны цэцэг өвчний талаар олон нийтийн эрүүл мэндийн сэрэмжлүүлэг зарласнаас хойш дэлхийд хоёр дахь, Ази тив дэх анхны тохиолдол юм.
Шууд болон бэлгийн замаар дамждаг өмнөх сармагчны цэцэг өвчний вирустэй ялгаатай нь энэ удаа илрүүлсэн Ib мутант вирус нь шүүрэл (шүлс, нулимс зэрэг амьсгалын замын дусал), тууралт эсвэл бохирдсон эд зүйлээр дамжин халдварлах эрсдэлтэй гэнэ.
Сармагчны цэцэг өвчний вирусийн "Ib салбар" төрлийн омгийн шинжилгээгээр эерэг гарсан өвчтөн нь европ эрэгтэй байсан бөгөөд 8-р сарын 22-нд лабораторийн шинжилгээний хариугаар "Ib салбар" хувилбар болох нь тогтоогдсон. Өвчтөнтэй ойрын хавьталтай 40 гаруй хүнийг хянаж байгаа бөгөөд одоогоор эдгээр хүмүүсийн биед ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа тухай Тайландын Олон Нийтийн Эрүүл Мэндийн Яамны Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газраас мэдэгджээ.
Сармагчны цэцэг өвчин нь "олон улсын анхаарал татсан олон нийтийн эрүүл мэндийн онц байдал" болсон тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус 8-р сарын 14-нд мэдэгдсэн юм. Энэ нь ДЭМБ-аас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахь удаагаа эл өвчний тархалтыг "олон улсын анхаарал татсан олон нийтийн эрүүл мэндийн онц байдал" хэмээн зарлаж байгаа бөгөөд "Олон улсын эрүүл мэндийн журам"-ын хүрээн дэх халдварын аюулын сэрэмжлүүлгийн хамгийн өндөр түвшин болох юм.