БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 29-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн ажил хариуцсан туслах Жейк Салливанийг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, ээдрээ будилаантай олон улсын нөхцөлд улс орнууд хагаралдан сөргөлдөх бус, эв санаагаа нэгтэн хамтран ажиллах шаардлагатай. хаалгаа дарж ухарч суух бус, харилцан нээлттэйгээр хамтдаа хөгжихийг ард түмэн хүсэж байна. Хятад Америк нь хоёр том гүрэн болохын хувьд түүх, ард түмэн, дэлхий нийтэд хариуцаж, дэлхийн энх тайвныг тогтворжуулагч, хамтын хөгжлийг ахиулагч болох ёстой юм.
Хятад Америк хоёр орон бүгд өөр өөрсдийн нөхцөл байдалтай бөгөөд хоёр орны харилцаанд ч асар том өөрчлөлтүүд гарч байна. Гэвч хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх гэсэн Хятад улсын зорилт өөрчлөгдөөгүй, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа хожих үндсэн зарчим өөрчлөгдөөгүй, өөрийн орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах байр суурь өөрчлөгдөөгүй, Хятад Америкийн ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлэн хөгжүүлэх хүчин чармайлт өөрчлөгдөөгүй юм. Тиймд Хятад улстай ижил чиглэлээр урагшилж, Хятад улс болон Хятад улсын хөгжлийн талаар эерэг, оновчтой байр суурь баримталж, нэгнийгээ сорилт бус боломж хэмээн үзэж хандан, хоёр том гүрний харилцааны зөв замналыг нээхийг Америкийн талд хүсэж байна гэжээ.