Цаг агаарын таагүй байдал нь Ираны экс ерөнхийлөгчийн суусан нисдэг тэргийг осолд хүргэв
2024-09-02 10:00:18
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Зэвсэгт хүчний жанжин штаб есдүгээр сарын 1-ний өдөр ерөнхийлөгч асан Ибрахим Раиси болон түүнийг дагалдан яваа хүмүүсийн сууж явсан нисдэг тэрэг осолдож нас барсан хэргийн эцсийн мөрдөн байцаалтын тайланг нийтэлжээ. Тус тайланд, манан ихтэй байсан зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас нисдэг тэрэг осолдсон болохыг нотолсон байна. Харин санаатайгаар хорлон сүйтгэсэн шинж тэмдэг илрээгүй.

Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээний агентлагийн 1-ний өдөр мэдээлснээр, осол гарах үед Ираны баруун хойд нутагт манан ихтэй байсан зэрэг цаг агаарын хүнд нөхцөл байдал нь нисдэг тэрэгний ослын гол шалтгаан болсон гэсэн өмнөх дүгнэлтийг энэхүү эцсийн тайлан баталж байна.

Мэдээллийн дагуу, холбогдох мэргэжилтнүүд нисдэг тэрэгний засвар үйлчилгээ зэрэг бүх бичиг баримтыг сайтар судалж үзээд бүх засвар үйлчилгээ, үндсэн эд ангиудыг солих ажлыг стандарт журмын дагуу хийсэн болохыг тогтоосон байна. Мэргэжилтнүүд нисдэг тэрэгний үлдсэн эд анги, системийг туршиж үзээд осолд хүргэж болзошгүй согог илрээгүй юм байна. Мөрдөн байцаалтын явцад нисдэг тэрэг зорьсон чиглэлдээ нисч байсан бөгөөд шугамаасаа хазайгаагүй болохыг нотолжээ. Үүнээс гадна мөрдөн байцаалтын явцад нисдэг тэргийг “довтолгооны болон хамгаалалтын систем, кибер довтолгоо, соронзон орон, лазерын” зэрэг зорилтот довтолгоо хийсэн байж болзошгүй санаатай үйлдлийг үгүйсгэсэн байна.

Энэ оны тавдугаар сарын 19-нд Ибрахим Раиси болон дагалдан яваа хүмүүсийн сууж явсан нисдэг тэрэг Ираны баруун хойд нутгийн уулархаг бүсэнд осолдож, онгоцонд байсан бүх хүн амь үрэгджээ. Үүний дараа Ираны Зэвсэгт хүчний жанжин штабаас олон мөрдөн байцаалтын тайлан гаргаж, нисдэг тэрэгний нислэгийн үеэр болон уулын энгэрт мөргөхөөс өмнө зориудаар хорлон сүйтгэсний улмаас дэлбэрэлт болсон байж болзошгүй гэдэг таамаглалыг үгүйсгэв.