9-р сарын 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр Хятадад хүрэлцэн ирсэн Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубутэй хэлэлцээ хийв. Хятад, Нигерийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлнэ гэж хоёр орны төрийн тэргүүн мэдэгдэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Нигери бол чухал нөлөө бүхий Африкийн томоохон улс байж, хүн ам олонтой бөгөөд хөгжлийн асар их нөөцтэй билээ. Хагас зуун гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Нигери хоёр хэзээд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, хамтдаа хүчирхэгжин, харилцан ашигтай хамтаар хожих замаар замнаж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хоёр орон үлгэр жишээ болохуйц, стратегийн хамтын ажиллагааны олон төслийг хамтран хэрэгжүүлсэн юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж байна, энэ нь Хятад, Нигерийн харилцааны хөгжилд илүү их боломжийг авчрах болно. Хоёр тал өндөр чанартай хамтран ажиллаж, тус тусын орчин үеийн хөгжлөө хамтдаа биелүүлж, Хятад Нигерийн харилцааг ахиулан илүү их шинэ хөгжилд хүрэх ёстой гэжээ.