9-р сарын 6-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Суданы бүрэн эрхт зөвлөлийн дарга Абдель Фаттах Абдельрахман аль-Бурхантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Судан бол хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, зовлон зүдүүрээ хуваалцсан сайн найзууд юм. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хятад улс хоёр орны уламжлалт найрамдал болон бат бөх итгэлцэлийг эрхэмлэдэг, Судантай олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хоёр тал идэвхтэй хэрэгжүүлж, хоёр талт хамтын ажиллагааг ахиулан чанар, ахиц дэвшилд хүргэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Абдель Фаттах Абдельрахман аль-Бурхан хэлэхдээ, Судан, Хятадын харилцаа маш найрсаг, бат бөх юм. Хятад улс НҮБ болон бусад тохиолдолд Суданы тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалахыг үргэлж дэмжиж, гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцсээр ирсэн юм. Хятад улс Суданд их хэмжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, Суданы эдийн засгийн хөгжлийг ахиулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Суданы ард түмэн Хятадад гүнээ талархаж, хүндэтгэж байна. Судан нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан бүх үйлдлийг эрс эсэргүүцнэ гэжээ.