9-р сарын 11-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И Санкт-Петербургт болсон БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын дээд зиндааны төлөөлөгчдийн 14 дэх удаагийн хуралд оролцов. Хурлыг ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Шойгу даргалж, Бразилийн Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аморим, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Довал, Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайд Энтшавени, Египтийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Элдин, Арабын нэгдсэн Эмират улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Шамси, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Ахмадиан, Этиопын үндэсний аюулгүй байдлын газрын дарга нар хуралд оролцов. Уулзалтаар дэлхийн аюулгүй байдлын заналхийлэл, терроризмын эсрэг болон сүлжээний аюулгүй байдал, дэлхийн засаглал болон бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, энэ онд Казань хотноо болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад улс төрийн шаардлагатай бэлтгэлийг хийсэн байна.
БРИКС-ийн том гэр бүлд элсэх шинэ гишүүдийг Ван И баярлан угтаж буйгаа илэрхийлээ. Тэрээр хэлэхдээ, өнөөгийн дэлхий эмх замбараагүй байдал, өөрчлөлтийн шинэ үе рүү орж, аюулгүй байдлын янз бүрийн заналхийлэл сүлжилдэн давхцаж, энх тайван, аюулгүй байдлын хомсдол нэмэгдсээр байна. Мөн хөгжиж буй орнуудын эсрэг хөндлөнгөөс оролцох, хязгаарлах, дээрэлхэх явдал газар авч байна. Иймэрхүү нөхцөл байдалд, БРИКС-ийн орнууд хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, энх тайвны төлөө хамтран ажиллах зэрэг нь онцгой чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд БРИКС-ийн орнуудын механизм нээлттэй, хүртээмжтэй, хамтран ажиллах, хамтдаа хожих зарчмыг тууштай баримталж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны тугийг өндөрт мандуулсан юм. БРИКС-ийн орнууд дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах, дэлхийн засаглалыг сайжруулах, олон улсын харилцааг ардчлалд хүргэхэд улам бүр бүтээлч хүчин болж, олон улсын үйл хэрэгт идэвхтэй, тогтвортой, нааштай үүрэг гүйцэтгэх нь улам бүр товойм болж байна гэжээ.