Өмнөд тэнгисийн нөхцөл байдлаар тодорхой тохио өгөв
2024-09-15 17:55:46
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 11-ээс 13-ны хооронд Хятад Филиппин хоёр талын Өмнөд тэнгисийн асуудлаарх зөвшилцөх механизмын тэргүүн нарын уулзалт, Бээжингийн Шяншаний 11-р форум, "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ийн хэрэгжилтийн тухай Хятад, АСЕАН-ы орнуудын өндөр албан тушаалтнуудын 22-р бага хурал зэрэг гурав ч удаагийн томоохон хурал чуулган болж, бүгд өмнөд тэнгисийн асуудлыг хөндсөн бөгөөд "яриа хэлцлээр маргааныг эвтэй зохицуулж, өмнөд тэнгисийн тогтвортой байдлыг хамгаалах бол бүс нутгийн улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл төдийгүй, мөн ч бүс нутгийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ" гэх тодорхой тохиог олон нийтэд өгсөн байна. 

Эхлээд Хятад, Филиппиний өмнөд тэнгисийн асуудлаарх зөвшилцөх механизмын тэргүүн нарын уулзалтыг авч үзье. Хятадын талын нийтэлсэн мэдээллээс харахад, хоёр тал өмнөд тэнгис, тэр дундаа Шяньбинь шүрэн арлын асуудлаар санал бодлоо илэн далангүй солилцжээ. Шяньбинь шүрэн арлын асуудлаар Хятадын тал зарчмын чанартай байр сууриа дахин нотолсон бөгөөд холбогдох хөлөг онгоцоо даруй татаж авахыг Филиппиний талд шаардаад, Хятад улс бүрэн эрх, "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ын нэр хүнд, ач холбогдлыг тууштай хамгаалж ажиллана гэдгээ мэдэгджээ. Уулзалтад оролцсон Филиппиний дипломат төлөөлөгч ч нийгмийн сүлжээнд "Хятад улстай санал бодлоо илэн далангүй солилцсон..." гэх агуулгатай зурагт мэдээ нийтэлсэн байна. Хэлэлцээний ширээний ард сууж байж асуудлыг зохицуулж чадна, харин өдөөн хатгалга, сөргөлдөөн нь нөхцөл байдлыг улам дордуулна" гэдгийг практик дахин харууллаа. 

Дараа нь саяхан болж өнгөрсөн Бээжингийн Шяншаний форумыг авч үзье. Эл чуулга уулзалт дээр өмнөд тэнгисийн асуудлаарх байр сууриа Хятад улс дахин тодорхойлсон байна. Түүнчлэн Хятадын төлөөлөгч Америкийн төлөөлөгчид хандаж "Ази, Номхон далайн бүсэд ирж байгаа нь эл бүс нутгийн аюулгүйн төлөө гэж Америкийн тал тайлбарлаж байна. Тэгвэл та нар ирсний дараа бүс нутаг амар тайван болсон уу? Яагаад эрсдэлүүд бүгд Хятад улсын эргэн тойронд гарч байна?" хэмээн асуусанд танхимд байсан олон орны төлөөлөгчид бүгд алга ташсан байна. Филиппиний Олон улсын аюулгүй байдлын судалгааны нийгэмлэгийн дарга Роммел Банлаои форум дээр хэлэхдээ, Филиппин өмнө нь Хятадад найрсаг ханддаг байсан бол одоо барууны орнуудын Хятадын эсрэг хатуу байр суурьтай колоничлолд автаад байна. Манай гадаад бодлого Америкийг биш, АСЕАН-ыг дагаж мөрдөх ёстой" гэсэн байна. Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хен хэлсэн үгэндээ, Хятад, Филиппин Өмнөд тэнгисийн маргаантай асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, холбогдох талууд энх тайван байхыг бүгд хүсэж байна. Олон улсын мөргөлдөөн, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулахад том гүрнүүд улам их үүрэг хариуцлага хүлээхээс биш, хариуцлагаа бусдад түлхэж болохгүй гэдгийг Америкчууд ойлгож мэдэх ёстой гэв. 

Хамгийн сүүлд "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг авч үзье. 22 жилийн практикаар дамжин эл тунхаглал нь нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрсөн өмнөд тэнгисийн эрх зүй, дэг журмын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Тунхаглалын 5 дугаар заалтад: Талууд байдлыг ээдрээтэй болгож, маргааныг өргөжүүлж, улмаар энх тайван, тогтвортой байдлыг хохироох үйл ажиллагаа авч болохгүй хэмээн тодорхой заасан байдаг. 9 дүгээр сарын 13-нд болсон "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ийн хэрэгжилтийн тухай Хятад, АСЕАН-ы орнуудын өндөр албан тушаалтнуудын 22-р бага хурал дээр "өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь маш чухал ач холбогдолтой хэмээн талууд санал нэгтэй үзсэн бөгөөд яриа хэлцлээр нэмэгдүүлж, тэвчээртэй байж, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, итгэлцлээ нэмэгдүүлэн, тэнгис далайн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг уриалсан байна. 

Ямартай ч "Эрхмийн дээд эв" гэдэг биз. Зуун жилд байгаагүй том өөрчлөлт хувьсгалын нөхцөлд Дэлхийн аюулгүйн санаачилгыг мөрдөж, өмнөд тэнгисийг энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны бүс нутаг болгох нь бүс нутгийн улс орнуудын хамтын хүсэл эрмэлзэл юм. Тиймд Хятад улс энэхүү зорилтын төлөө хичээн ажиллах бол Филиппиний тал ч буруугаа даруй засаж залруулж, бүс нутгийн улс орнуудтай санал бодлоо нэгтгэж, өөрийн ашиг сонирхолдоо нийцсэн сонголт хийх ёстой юм.