Энэ оны тавдугаар сард Америкийн засгийн газраас Хятадад чиглүүлэн хэрэгжүүлж буй “301 тоот шалгалт”-аа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Хятадын цахилгаан автомашин зэрэг бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн 8-р сарын нэгэнд хүчин төгөлдөр хэрэгжүүлнэ гэсэн ч Америкийн албаны тал олон нийтээс ирүүлсэн мянга гаруй ширхэг саналд судалгаа хийж үзнэ гэсэн шалтгаар өнгөрсөн 7-р сарын 30, 8-р сарын 30-нд хоёр ч удаа хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргажээ. Эдгээр саналуудын дунд татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэх, татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг өргөжүүлэх хүсэлт гаргасан ч Америкийн засгийн газар татгалзаж, өөрийнхөөрөө гүрийсэн юм. Ийм ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь “Хятадын хөгжилд дарамт шахалт үзүүлэхгүй” ба “Хятадтай харилцаагаа таслахыг хүсэхгүй байна” гэсэн амлалтаасаа, мөн хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг зөрчиж байгаа тул Америкийн талын ямар ч итгэл найдвар гэж үгүй, хэлсэн үгэндээ суудаггүйг бүрэн харуулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Америкийн талын татвар нэмэх бодлого нь маш тод улс төрийн өнгө аястай. Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгааг дагалдан хоёр нам хоорондын тулаан улам ширүүсэж, Хятад улсад хатуу байр сууриар хандах нь “улс төрийн зөв чиглэл” гэдгийг харуулахыг зорьж байна. Нэг талаар Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч телевизийн мэтгэлцээний үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн татварын төлөвлөгөөний талаар дайрч байгаа ч өөрийн эрх барьж буй засгийн газрынх нь бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хэдхэн сар үлдсэн ч Хятадад ногдуулах татвараа нэмэгдүүлсээр байна. Тэдний ийм хэлж хийх нь зөрчилдсөн байдал үнэхээр хүмүүсийг төөрөгдүүлж, гайхшируулж байгаа юм.
Тарифын дайн хэрэг учрыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй, Америк ч үүнээс болоод өөрийгөө хохироож байна. Ройтерс агентлаг 14-нд Америкийн технологийн салбарыг төлөөлж буй Мэдээллийн технологийн аж үйлдвэрийн зөвлөлийн дарга Жейсон Оксманы гаргасан дүн шинжилгээнээс иш татан мэдээлэхдээ, Хятад улсад татвар нэмж ногдуулах бодлого хэрэгжүүлснээс хойш Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд 221 тэрбум ам.долларын хохирол ногдоод байна. Америкийн засгийн газар татвар нэмж хураах аргаар өөрийн орны аж ахуйн нэгжээ хамгаалахыг оролдсон, харамсалтай нь Америкийн бизнес эрхлэгчид засгийн газрынхаа үйлдлийг зөв гэж ерөөс үзээгүй гэжээ.
Америкийн эгэл иргэд тариф нэмэгдүүлсний хор уршгийг багагүй амссаар ирлээ. Саяхан CNN мэдээлснээр, Байдены засгийн газар Трампын засгийн газрын үед гаргасан татвар хураах бодлогыг хэвээр үлдээснээс болоод америкчууд гутал, ачаа тээш, малгай зэрэгт өндөр төлбөр төлсөөр байна. Moody's-ийн тооцоолсноор, Хятадад ногдуулах нэмэлт татварын зардлын 92 хувь нь Америкийн хэрэглэгчийн бие дээр туссан бөгөөд Америкийн гэр бүлүүд жилд 1300 ам.доллар нэмж зарцуулах болсон гэжээ. Өндөр татвар ногдуулах нь Америкийн хэрэглэгчдэд илүү ачаалал өгнө гэж эдийн засагчид сэрэмжлүүлж байна. Мөн Америкийн Татварын сангийн статистик тоо баримтаас үзвэл, Хятадад нэмэлт татвар ногдуулсан нь Америкийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдэж чадаагүй мөртөө 142 мянган ажлын байрыг алдуулжээ. Америкийн Жоржтауны их сургуулийн Засаг захиргааны тэнхимийн профессор Нита Рудра саяхан өгүүлэл нийтэлж, улс төрчид худалдааг ивээх үзэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж үздэг, гэхдээ энэ үзэл бодол нь маш буруу, тэд бусдад учруулах саад бэрхшээлийг багасгаж, дэлхийн эдийн засагтай харилцаагаа бэхжүүлэх талд анхаарал хандуулж ажиллах ёстой гэжээ.
Хятадад чиглэсэн “301 тоот шалгалт” нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй байгаа нь олон бодит хэргүүдээр гэрчлэгдээд байна. Татвар нэмэхээр дамжин Хятадын аж ахуйн нэгж болон холбогдох салбарыг унагаах Америкийн оролдлого нь бүтэлгүйтсээр ирсэн. Тиймд тэд алдаа буруугаа даруй залруулж, Хятадад хэрэгжүүлж буй тариф нэмэх бодлогоо бүхнийг цуцлах ёстой. Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах болно. Хятадын хөгжил дэвшлийг хэн ч хориглож чадахгүй.