Синьхуа агентлагийн мэдээ: 2024 оны тэргэл сарны баярын үеэр Бээжингийн хэрэглээний зах зээл тогтвортой нэмэгдэж, Бээжин хотын бизнес худалдааны товчооны хяналтад байсан бүрэн бараат дэлгүүр, супермаркет, мэргэжлийн дэлгүүр, гуанз ресторан, цахим худалдааны зэрэг аж ахуйн нэгжүүдийн борлуулалт 4 тэрбум 670 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үейнхээс 4.4% өссөн байна. Холбогдох мэдээллээс харахад, Бээжингийн бизнесийн гол 60 газарт давхардсан тоогоор 22 сая 312 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үеэс 21.1%-иар өссөн байна.
Сэдэвт үйл ажиллагаа нь баярын хэрэглээний эрч хүчийг өсгөсөн байна. Бээжингийн загварын долоо хоног нь худалдааны аж ахуйн нэгжүүдтэй нэгдэж, зуу орчим арга хэмжээ зохион байгуулжээ. Анхны "Бээжингийн дэнлүүний баяр"-ын үеэр 200 гаруй багц дэнлүүг Цэцэрлэгжүүлэлтийн экспод танилцуулсан бөгөөд шөнийн зах, шөнийн аялал, шөнийн шоуны олон төрлийн бизнесийн хэлбэрүүд нь хэрэглээг сэргээж, Фэнтайн Шинжлэх ухааны хүрээлэн болон Технологийн паркийн бизнесийн бүсийн шөнийн зорчигчдын урсгал жилийн өмнөхөөс 25.3%-иар нэмэгджээ. Тэргэл сарны баярын үеэр Бээжин хотын шөнийн үйлчилгээний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.2%, биет бараа бүтээгдэхүүний хэрэглээ 15.8%-иар тус тус өссөнийг Юнионпэй бизнес-ийн тоо баримт харуулж байна.
Ихэюань парк, Шяншань цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрууд олон арга хэмжээ зохион байгуулав. Юнионпэй бизнес-ийн мэдээллээс харахад, гадаадын жуулчдын хэрэглээний тоо болон хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 20.2% болон 2.1%-иар тус тус өсчээ. Үүнээс гадаадын жуулчдын аяллын тасалбар, соёлын үзвэр үйлчилгээний хэрэглээ өмнө оны мөн үеэс 47.1%, 16.7%-иар тус тус өссөн байна.