Есдүгээр сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Малайзын төрийн тэргүүн Султан Искандар Ибрахимтай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Малайз хоёр орны найрамдал өнө удаан жилийн түүхтэй. Аль эрт 15-р зуун, Хятадын түүхэн дэх Мин гүрний далайчин Жэн Хэ долоон удаа алс далайгаар аялж, Малаккад таван удаа зочилсон агуу түүхийг бичиглэсэн билээ. 1974 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Малайз хоёр орон үргэлж эв найртай харилцаж, бие биенээ тусалж, улс хоорондын харилцан ололт амжилт, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосоор ирсэн юм. Энэ оны 5-р сард эрхэм тантай Хятад, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлсэн. Малайз Хятад улстай гар нийлэн хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно гэдгээ та илэрхийлж байсан, үүнд маш их баярлаж байна.
Ибрахим хэлэхдээ, Малайзын гадаад бодлого нь Хятад улстай бат бэх түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг баримталж ирсэн бөгөөд Малайз, Хятад хоёр орон хамтаар дэвшиж хөгжих нь бидний зорилго байгаа юм. Хятадын хөгжил дэвшил надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь Ши Жиньпин дарга таны удирдлага, Хятадын ард түмний хичээл зүтгэлээс салшгүй холбоотой юм гэжээ.