9-р сарын 24-нд Хятадын Худалдааны яам, Үндэсний статистикийн газар, Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газар хамтран "2023 оны Хятадын гадаад дахь шууд хөрөнгө оруулалтын статистикийн мэдээ"-г нийтэлжээ.
Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2023 онд Хятадын хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 177 тэрбум 290 сая ам.доллар болж, өмнөх оныхоос 8.7%-иар нэмэгдэж, дэлхийн хилийн чанад дахь нийт хөрөнгө оруулалтын 11.4%-ийг эзэлж, 12 жил дараалан дэлхийн хэмжээнд эхний гуравт орсон байна.
Хоёрдугаарт, Хятадын хилийн чанад дахь компаниуд дэлхийн улс орон, бүс нутгийн 80 гаруй хувийг хамардаг. 2023 оны эцсийн байдлаар Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 189 улс орон, бүс нутагт 48 мянган компани байгуулснаас 17 мянга нь "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад байгуулсан компаниуд болно.
Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын чиглэлүүд төрөлжсөн хэвээр байгаа бөгөөд бараг 80% нь дөрвөн том салбарт төвлөрч байна. 2023 онд Хятад улсын хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт үндэсний эдийн засгийн 18 салбарыг хамарч байгаагаас түрээсийн болон бизнесийн үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү зэрэг дөрвөн салбар дахь хөрөнгө оруулалт нь жилийн нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлж байна. Барилгын салбар, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт оруулсан хөрөнгө оруулалт хурдацтай өсөж, тус тус 97.2%, 34.9%-иар өсжээ.
Дөрөвдүгээрт, Ази, Африкт хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж буй улс орнууд дахь шууд хөрөнгө оруулалт 30 хувиар нэмэгдэв. 2023 онд Хятадын хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалтын бараг 80%-ийг Ази руу чиглүүлсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 13.9%-иар нэмэгдэв. Үүнээс АСЕАН-ы орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 25.12 тэрбум ам.долларт хүрч, 34.7%-иар нэмэгдэв. Африкт оруулсан хөрөнгө оруулалт 3.96 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 2.2 дахинаар нэмэгдсэн байна. 2023 онд “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулж буй орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 40.71 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 31.5%-иар өссөн үзүүлэлт бөгөөд тухайн жилийн хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалтын 23%-ийг эзлэв.
Тавдугаарт, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл баримтлал нааштай хэрэгжиж, дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмэр улам бүр нэмэгдсээр байна. 2023 онд хилийн чанад дахь хөрөнгө оруулалт Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 273 тэрбум 100 сая ам долларт хүрч, 6.4%-иар нэмэгдэхэд түлхэц болсон юм. Мөн хугацаанд Хятад улсын хилийн чанад дахь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого 3.5 их наяд ам долларт хүрч, хөрөнгө оруулалт хийсэн улс орнуудад 75.3 тэрбум ам.долларын татвар төлсөн бөгөөд эдгээр компаниуд тухайн улс орон, бүс нутагт бараг 4.3 сая ажлын байр бий болгосны 60% нь гадаадын ажилчид байв.