Хятад, Монголын хамтарсан геофизикийн лаборатори, Хяналтын станцын нээлт боллоо
2024-09-25 11:07:27
Share
Share this with Close
youtube WeChat

“Бүс ба зам” төслийн хүрээнд хэрэгжиж буй Хятад, Монголын хамтарсан геофизикийн лаборатори, Хяналтын станцын нээлт 9-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Арга хэмжээнд Монгол улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Жь, Монгол улсын болон ЗХУ-ын Баатар, Монгол улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, БНХАУ-ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Ли Ли, Монгол улсын ШУА-ын Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Захирал, академич С.Дэмбэрэл нар оролцжээ.

БНХАУ-ын буцалтгүй хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан энэхүү геофизикийн лаборатори нь газар хөдлөлтийг бүртгэх 10 станц, дэлхийн соронзон орон судлалын 2 оргил станц, мэдээлэл боловсруулах дата төвтэй юм байна. Эдгээр станцууд нь Монгол улсын шинжлэх ухааны салбарын судалгааны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монголын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн хувь нэмэр болох юм.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Жь нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ, Өнөөдрийн нээлтийн арга хэмжээ Хятад, Монгол хоёр орны газар хөдлөлтийн хяналт, геофизикийн судалгааны хамтын ажиллагааны чухал үйл явдал төдийгүй хоёр орны найрамдалт харилцааны тод илэрхийлэл юм. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чиглэлээр бодит дэвшил мөн бөгөөд бусад олон салбарын хамтын ажиллагаанд бат бэх суурь тавьж өгч байгаа юм гэжээ.

 Монгол улсын ШУА-ын Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Захирал, академич С.Дэмбэрэл хэлэхдээ, Өнгөрсөн 17 жилд Монгол, Хятадын эрдэмтэд хамтран бүс нутгийн газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах судалгааны төсөл хэрэгжүүлж, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний залуу ажилтныг сурган дадлагажуулах, судалгааны техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид бүхний хамтран хийж бүтээсэн энэ их ажлын үр дүн нь БНХАУ болон Монголын улсын ард түмний найрсаг хамтын ажиллагааны нэгэн тод илэрхийлэл юм гэжээ.