Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө
2024-09-25 14:41:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын сарыг тандан судлах төсөл нь эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвны зорилгоор ашиглах, хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмыг баримталсаар ирсэн бөгөөд төрөл бүрийн олон улсын сансар судлалын солилцоо, хамтын ажиллагааг цаашид ахиулна. Мөн улс орнуудтай хөгжлийн үр шимээ хуваалцаж, сансар огторгуйн менежментийг сайжруулж, сансар судлалын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар хүн төрөлхтөнд илүү их үр өгөөж хүртээнэ гэжээ. 

Ши Жиньпин дарга мөн өдөр Бээжинд, сарыг тандан судлах төслийн “Чан Э-6” хөлгийн үүрэгт ажилд оролцсон судалгаа шинжилгээний ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, сарны дээж, сарны хайгуул судлалын төслийн үр дүнгийн үзэсгэлэнтэй танилцжээ. 

Сарыг тандан судлах төслийг хэрэгжүүлэх нь Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн дэвшилтэт технологиор саран бөмбөрцгийг тандан судлах ажил юм. 2024 оны 6-р сард “Чан Э-6” хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны ар талаас дээж авчирч, олон чухал технологийн дэвшилд хүрч, саран бөмбөрцөг болон гаригуудын ирээдүйн хайгуул судалгааны ажилд бат бөх үндэс суурь тавьсан юм.

Ши Жиньпин онцлохдоо, сүүлийн 20 жилийн хугацаанд, сарыг тандан судлах төсөл нь үндсэн техникийн гол салбаруудад анхаарч, шинжлэх ухааны нээлт, технологийн шинэчлэл, инженерийн практик, ололт амжилтыг дүгнэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг ажлууд баялаг үр дүнд хүрлээ. Мөн өндөр чанартай, өндөр үр ашигтай сарны хайгуул судлалын замналаар Хятадын сансар судлалын салбарын хөгжил, хүн төрөлхтний сансрын судалгаанд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.