Орон нутгийн цагаар есдүгээр сарын 25-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцох үедээ Украины ГХЯ-ны сайд Андри Сибигагийн хүсэлтээр түүнтэй уулзжээ.
Ван И хэлэхдээ, Хятад Украин уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд аль эрт стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Хоёр тал Украины хямралын нөлөөг даван туулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа алхам алхмаар сэргээж байгаа бөгөөд энэ оны эхний хагасын худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувь нэмэгдэв. Хятад улс Украинтай хамтран чармайж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийн хандлагыг хадгалахад бэлэн байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Украины хямралын асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дөрвөн зүйлийг баримтлах ёстой” хэмээх санал бол хамгийн бүрэн тайлбар юм. Хятад улс энхийн аргаар маргаанаа шийдвэрлэхийг санаачилсаар ирсэн бөгөөд халуун цэгийн асуудлуудыг бүгд яриа хэлцэл хийж, улс төрийн аргаар шийдвэрлэхийг санаачилдаг. Украины асуудал ч үүнтэй адил, бид геополитикийн аз турших тоглоом тоглохгүй, хувийн ашиг хэзээд хөөцөлддөггүй бөгөөд энх тайвныг эрхэмлэхийг ятгаж, хэлэлцээр хийхийг дэмжсээр ирсэн бөгөөд энх тайвны төлөө нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэхийн төлөө зүтгэсээр байна. Хятад улс Украины хүмүүнлэгийн нөхцөл байдалд анхаарал хандуулсаар бөгөөд Украинд дөрвөн удаагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Украины шаардлагын дагуу шинэ тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Андри Сибига хэлэхдээ, Украины хямралын асуудлаарх Хятад улсын байр суурь болон энх тайвны төлөө оруулсан хүчин чармайлтыг Украин дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Хятад улс улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг санаачилсаар байдгийг сайшааж байна гэжээ.