Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс энх тайван, нэр төртэй, хөгжин цэцэглэсэн ирээдүйг хүсэж байна. Мөн уур амьсгалын хямрал, тэгш бус байдлыг даван туулах, хүн бүрд заналхийлж буй шинэ эрсдэлтэй тэмцэхийн тулд даяарчилсан арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлсэн үг юм. Тэрээр НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтын үеэр бүх улс орнууд эв нэгдлийг бэхжүүлж, ирэх хямрал, сорилтуудтай хамтдаа тэмцэх ёстойг онцолсон.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын энэ оны хамгийн чухал уулзалтуудын нэг байв. Яагаад “Ирээдүй” сэдэвтэй вэ? Учир нь дэлхийн тогтворгүй байдал, мөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, дүрвэгсдийн хямрал зэрэг сорилтууд хүн төрөлхтнийг эрсдэлд оруулж байна. Ийм нөхцөлд дэлхий нийтээрээ сайн сайхан ирээдүйг хэрхэн бүтээх талаар асуулт тавьж, хариулт хайж байна.
130 орчим төр, засгийн тэргүүн нар Нью-Йоркт цугларч, “Ирээдүйн гэрээ” болон “Дэлхийн дижитал компакт”, “Ирээдүй хойч үеийн тунхаглал”-ыг баталсан нь олны анхаарлыг татсан юм. Энэ гэрээ нь олон улсын засаглалын тогтолцоог шинэчлэх, олон талт үзлийг сэргээх, сорилтуудыг даван туулах гэсэн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн баримт бичиг болж байна. Тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг таван том сэдвээр 56 үйл ажиллагааны төлөвлөгөө дэвшүүлж, олон талт харилцааны шинэ эрин үеийг эхлүүлэх амлалт хийсэн нь ирээдүйн бодлогод томоохон нөлөө үзүүлэхээр байна.
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд ирээдүйн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлсэн. Энэхүү уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Гадаад харилцааны сайд Ван И оролцож, энх тайван, хөгжил цэцэглэлт, шударга ёс, сайн сайхан ирээдүйг бий болгох дөрвөн чиглэл бүхий санаачилгыг танилцуулсан юм. Тэрээр НҮБ-ыг олон улсын гол тогтолцоо болгон, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн хүртээмжтэй, багтаамжтай даяаршлыг дэмжихийн чухлыг онцлон тэмдэглэсэн. Эдгээр санаачилга нь "Ирээдүйн гэрээ"-г хэрэгжүүлэхэд гол баталгаа болж, уг гэрээний алсын хараа, зорилгыг хангах үндсэн хүчин зүйл болсон тул талуудын дэмжлэгийг хүлээжээ.
"Ирээдүйн гэрээ" нь бид ямар ертөнцийг хэрхэн бүтээх вэ гэсэн асуултад хариулахыг зорьж буй бол Хятад улсын сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд дэвшүүлсэн санаачилгууд нь энэ гэрээний зорилготой нийцэж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын санаачилсан "хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг"-ийн үзэл баримтлал нь олон улсаас дэмжлэг авч, НҮБ-ын баримт бичигт тусгагдсан билээ. Мөн Хятад улс кибер аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдал, далай тэнгис, эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж, нийтлэг ашиг сонирхолд төвлөрсөн гурван том санаачилга дэвшүүлсэн. Эдгээр санаачилгууд нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх шинэ арга замыг бий болгоход чиглэсэн юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хятадын олон талт хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах нь олон талт үзлийн гол зорилго гэдгийг онцолжээ.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, практикт хэрэгжиж эхэлснээр дэлхийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх боломж нэмэгдэж, "Ирээдүйн гэрээ"-ний амжилттай хэрэгжилтэд илүү өөдрөг хэтийн төлөв бүрдэх болно.
Дэлхийн эмх замбараагүй байдал нэмэгдэж буй энэ үед том гүрнүүд илүү хариуцлагатай, эв нэгдлийг бэхжүүлэгч үүрэгтэйг Хятад улс дээд хэмжээний уулзалтын үеэр онцолсон юм. Томоохон улс орнууд олон улсын тавцанд илүү хүчирхэг, нөлөөтэй учир илүү хариуцлагатай байх ёстой. Гэвч зарим барууны улсууд өөрсдийн ноёрхлоо хадгалахын тулд бүлэглэл хуваан, мөргөлдөөн үүсгэх замаар НҮБ-ыг голлох олон улсын тогтолцоог үл тоомсорлон, олон талт үзлийг эсэргүүцэж байна. Энэ нь дэлхийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, дайны дараах дэг журмыг үгүйсгэх оролдлого болж буй. Иймд олон улсын хамтын нийгэмлэг энэ үйлдлийг зогсоож, "жинхэнэ олон талт үзэл"-ийг сэргээхийг эрмэлзэж байна. Олон талт үзэл дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах баталгаа болж, хүн төрөлхтний ирээдүйг илүү гэрэлтэй болгоно.