Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав
2024-09-26 15:29:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.

Ван И хэлэхдээ, энэ он гарснаас хойш Ши Жиньпин дарга, В.Путин ерөнхийлөгч нар хоёр удаа уулзаж, хоёр орны харилцаанд стратегийн чухал удирдамж өгсөн юм. Хэдхэн хоногийн дараа бид Хятад, Орос хоорондоо дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн өдрийг угтах юм. Хятад улс дипломат харилцаа тогтоосон анхны зорилтоо ямагт баримталж,  ОХУ-тай хамтдаа хичээн зүтгэж, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр ард түмэнд илүү их ашиг тусыг хүртэхийг хичээх болно. Хоёр тал олон талт үзлийн тугийг үргэлжлэн өндөрт өргөж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаалж, НҮБ-аар гол болгосон илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог урагш ахиулах ёстой. Хятад улс Оросыг БРИКС-ийн дарга орны үүргийг гүйцэтгэн, Казань хотноо болох дээд хэмжээний уулзалтыг бүрэн амжилтад хүргэж, "БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ны шинэ төлөвийг нээхийг бүх талаар дэмжих болно гэв.

Сергей Лавров хэлэхдээ, Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь тус тусын улс орны хөгжилд тус дөхөм болж байгаа төдийгүй олон улсын байдлыг тогтворжуулах чухал хүчин зүйл болж байна. Хятад улстай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, дээд зиндааны харилцаа солилцоог төлөвлөж, зохион байгуулж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхэд Орос улс бэлэн байна. Орос улс Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад идэвхтэй бэлтгэж байгаа бөгөөд Хятад болон БРИКС-ийн бусад түншүүдтэй нягт хамтран ажиллаж, дээд хэмжээний уулзалтыг ахиулан баялаг үр дүнд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр тал Украины хямрал болон бусад асуудлаар санал солилцов.